Шош, буурцаг


ШОШ, БУУРЦГИЙН ХЭРЭГЛЭЭ, АЧ ТУС


Америкийн хоол тэжээлийн зөвлөмжид шош, буурцаг нь мах махан бүтээгдэхүүн болон хүнсний ногооны аль аль ангилалд хамаарахыг тэмдэглэжээ. Шош  буурцаг нь уургаар нэн баялаг учир мах орлуулан хэрэглэх боломжтой (Ѕ аяга чанасан юмуу лаазалсан шош буурцаг нь 60 г махтай тэнцэх бөгөөд хүнсний ногооны 1 нэгжтэй тэнцэнэ).  Америкийн хавдар судлалын нийгэмлэгээс 2006 онд “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх хоол тэжээл, дасгал хөдөлгөөний зөвлөмж” боловсруулжээ. Энэхүү зөвлөмжид төрөл бүрийн аминдэм, эрдэс бодис болон эслэг, каротинойд, флавонойд, стерол, фенол, индол зэрэг биологийн идэвхт бодис агуулсан хүнсний ногоо, шош буурцаг нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустайг тэмдэглээд хоногт 5-аас цөөнгүй нэгж жимс, ногоо, мөн шош, буурцгийг мах орлуулан хэрэглэж байхыг зөвлөжээ.  Америкийн зүрхний холбооноос гаргасан зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжид долоо хоногт 4-5 нэгж үр, самар, буурцаг, шош хэрэглэхийг зөвлөжээ. 

Шош, буурцаг нь уураг, нийлмэл нүүрс ус, эслэг, антиоксидантууд болон фолийн хүчил, манган, кали, төмөр, фосфор, магни, молибден, зэс зэрэг аминдэм, эрдэс бодисоор баялаг. Шош, буурцаг нь өөх тос багатай, ханасан болон транс тос, холестерол агуулдаггүй уургийн эх үүсвэр юм. Судлаачид шош, буурцгийн тогтмол хэрэглээ нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Шош, буурцаг нь антиоксидант болон фитохимийн бодисуудаар баялаг учир зарим төрлийн хорт хавдарын эрсдэлийг бууруулдаг байна. Шош, буурцганд агуулагдах нийлмэл нүүрс  ус нь ходоод гэдсэнд боловсорч задарсны дараа цусан дахь саахрын түвшин нэмэгдэхэд нөлөө бага үзүүлэх учир чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд тустай. Шош, буурцаг нь эслэгийн агууламж ихтэй учир биеийн жинг бууруулах дэг баримталж байгаа үед хэрэглэх нь тохиромжтой (Messina, 1999).

Хатаасан шош, буурцгийг тагтай саванд хийж сэрүүн, хуурай, харанхуй газар 12 сар хадгалж болно. Дэвтээж, чанасан шош буурцгийг саванд хийж хөргөгчинд 3 хоног хадгалж болохоос гадна хөлдөөгчид 14-21 хоног хадгалж болно.

Шар буурцаг (Glycine max) 

Шар буурцгийн сортоос хамаарч уураг 40-45%, тос 18-20%, саахар 20-25% агуулдаг. Шар буурцаг нь кали,  натри, кальц, фосфор, магни, төмөр, фтор, зэс, иод, цайр, селен зэрэг эрдэс бодис болон А, Е, К, В1, В2, фолийн хүчил зэрэг аминдэм агуулдаг. 100 г шар буурцгийн шинэ бяслаг /дүпү/ нь сүүнээс кальцийг 1.7 дахин, фосфор 2 дахин, калийг 1.3 дахин их агуулж, төмрийн агууламж нь махныхтай ойролцоогийн дээр антиоксидант /үл исэлдүүлэгч/ бүлэг бодис болох изофлавиныг 200 мг буюу өөр ямар ч бүтээгдхүүнд байхгүй хэмжээгээр агуулдаг, цайр, селен ихтэй гайхамшигт хүнс юм. Изофлавинууд нь бие махбодид физиологийн олон чухал үүрэг гүйцэтгэхээс гадна зарим өвчин үүсэх эрсдлийг бууруулдаг болох нь тогтоогджээ. Шар буурцгийн найрлагад хорт хавдрын эсрэг үйлчлэлтэй, цусны холестеролын түвшинг бууруулах нөлөөтэй биологийн идэвхт олон бодис байгааг эрдэмтэд тодорхойлоод байна.

Уургийн чанар бол хоол хүнсний хамгийн чухал үзүүлэлт юм. Эхний ойлголт нь төгс уураг агуулж байвал сайн хүнс. Төгс уураг агуулдаг хүнс нь буурцгийн төрлийн ногоо, сүү цагаан идээ, өндөг, мах юм. Ийм болохоор шар буурцаг нь үнэт хоол, үүнийг хэрэглэж байхад уургийн дутал гэж үгүй.

Сүү ба шар буурцгийн  уургийн үл орлох аминхүчлийн агууламж, г/100 г уурагт

Үл орлогдогч аминхүчил

Шар сүүний уураг

Казеин

/сүүний уураг/

Шар буурцгийн уураг

Лизин

9.1

8.2

6.4

Метионин

2.3

2.8

1.1

Цистин

3.4

0.34

1.4

Треонин

5.2

4.9

3.9

Фенилаланин

4.4

5.0

5.0

Тирозин

3.8

6.3

3.8

Триптофан

2.2

1.7

1.4

Валин

5.7

7.2

4.6

Лейцин

12.3

9.2

7.8

Изолейцин

6.2

6.1

4.6

Ургамлын хүнсэнд дутуу байдаг лизин, треонин зэрэг аминхүчлийг шар буурцгийн төгс уургаар  орлуулж болно.

Шар буурцгаар хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүсийн дунд зүрх судасны эмгэг, яс сийрэгжилт, ходоод, гэдэс, уушги, түрүү булчирхай болон хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл харьцангуй бага байдаг нь тогтоогджээ (Messina, 1999). Шар буурцгийн эрүүл мэндэд үзүүлэх эерэг үйлчлэл, үр нөлөөний дөрөвний гурав нь түүний найрлага дахь изофлавинтай, үлдсэн хэсэг нь уурагтай нь холбоотой гэж үзэж байна (Song, 2007). Шар буурцаг нь бусад буурцагт ургамлаас 50 дахин их изофлавин агуулдаг (Wang, 1994). Шар буурцгийн изофлавин нь яснаас кальц гадашлах үйл явцыг саатуулж яс сийрэгжилтээс сэргийлнэ. Цэвэршсэн эмэгтэйчүүд хоногт 40 г шар буурцаг (90 мг изофлавин агуулсан) хоолондоо хэрэглэснээр ясны эрдсийн алдагдлыг багасгах боломжтой гэж үздэг (Lockwood, 2008).

Шар буурцгийн тогтмол хэрэглээ нь биеийн эсүүд болон ДНХ-г хэт исэлдлээс хамгаалж, хоол боловсруулах эрхтэн, хөхний болон түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг (Mark, 2001). Үүний шалтгаан нь шар буурцгийн найрлага дахь genistein болон daidzein хэмээх изофлавин нь хүн болон амьтны хавдрын эсийг дарангуйлах үйлчлэлтэй болохыг эрдэмтэд илрүүлээд байна (Yu, 2003). Шар буурцгийн хэрэглээ ихтэй Япон, Хятад зэрэг Азийн орнуудын хүн амын дунд хөхний болон түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэл хэрэглээ багатай АНУ болон Европын орнуудынхтай харьцуулахад бага байдгийг судлаачид ажиглажээ.

Японд хийсэн 9 жилийн судалгаанд шар буурцгийн бүтээгдэхүүнийг хоолондоо тогтмол хэрэглэдэг 45-74 насны 43509 эрэгтэйчүүд хамрагдсан бөгөөд тэдний дунд түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэл маш бага байсан нь шар буурцгийн найрлага дахь genistein ба daidzein изофлавинуудтай холбоотой болох нь тогтоогджээ (Nagata, 2007).

Ургамлын стеройдууд болон шар буурцгийн изофлавин нь холестеролын түвшинг бууруулах, судас тэлэх, судасны уян хатан чанарыг сайжруулах үйлчлэлтэй байна. Цусан дахь холестеролын түвшин ихсэх нь зүрх судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг учир хэвийн хэмжээнд барьж байх нь чухал. Хоногт 31-47 г шар буурцгийн уураг хэрэглэх нь цусны холестеролын түвшинг 20% бууруулдаг. Шар буурцаг тогтмол хэрэглэснээр цусан дахь их нягттай липопротейны түвшинд нөлөөлөхгүйгээр бага нягттай липопротейны хэмжээ бууруулах боломжтой юм (Zhuo, 2004).

Шар буурцгийн хэрэглээг нэмэгдүүлэх нь цусны даралтыг эмчлэх, сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоожээ (Rivas, 2002). Цусны даралт ихтэй хүмүүст 12 долоо хоногийн турш өдөрт 40 г шар буурцгийн уураг өгсний дараа тэдний цусны даралт илэрхий буурч байсан бол мөн хугацаанд нийлмэл нүүрс ус хэрэглэсэн хяналтын бүлгийн хүмүүсийн даралт буураагүй байна.

Цэвэршсэн эмэгтэйчүүд хоногт 50-55 г шар буурцгийн изофлавин (3 аяга шар буурцгийн сүүтэй тэнцэнэ) хэрэглэхэд цэвэршилтээс шалтгаалсан зүрхний хэмнэл нэмэгдэх, хөлрөх, халууцах зэрэг шинж тэмдгийг намжаадаг байна (Messina, 2002).

Шар буурцгийн изофлавин, ялангуяа genistein нь биед өөхөн эс шинээр үүсэх үйл явцыг саатуулах үйлчлэл үзүүлдэг учир биеийн жинг хэвийн байлгах, таргалалтаас сэргийлэх зорилгоор хэрэглэдэг байна (Шrgaard, 2008).

Буурцагт ургамал ялангуяа шар буурцгийн хэрэглээг нэмэгдүүлснээр чихрийн шижний 2-р хэлбэрээр өвчлөх эрсдлийг 47% бууруулдаг байна. Буурцагт ургамлын уураг, эслэг нь цусны саахрыг хэвийн байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг учир чихрийн шижин өвчтэй хүнд тохиромжтой (Kwon, 2010). Түүнчилэн чихрийн шижин өвчтэй хүн шар буурцаг хэрэглэснээр зүрх болон бөөрний хүндрэлийг бууруулдаг байна.

Шар буурцгийн эслэг нь бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж өтгөн хаталт болон бусад үрэвсэлт өвчнөөс сэргийлэхэд тусалдаг. Ургамлын эслэг нь хорт хавдар үүсгэгч нэгдлүүдийг өөртөө шингээж биеэс гадагшилдаг тул бие махбодид хортой бодисыг хуримтлалыг багасгах, бүдүүн гэдэсний болон бусад эрхтний хорт хавдрын эрсдлийг бууруулах ач холбогдолтой.

Шар буурцаг нь амтлаг амттай, шингэсний дараах амт нь амтлаг. Сэрүүн эрдэм чадалтай. Тамиржуулах, шимжүүлэх үйлдэлтэй, шарын өвчин, бөөрний өвчин, цус алдах, хий арвидах, хорын өвчин савд буух, хавдар зэрэгт тустай (Б. Болдсайхан, Ц. Оюунцэцэг, 2000), хийг дарж, бадган, шарыг арвидуулж, дуслыг нэмэгдүүлнэ. Бөөрөнхий цагаан буурцаг нь бадган, хийгээр ханиах, амьсгаа давхцах, хошногоны гүндрүү, дусал чулууширсанд тустай ба шарыг үүсгэнэ (Х. Тумбааш, 1990).

Монголд шар буурцаг тариалж байсан туршлага бий. Тухайлбал, 1958-1966 онуудад Сэлэнгийн Зүүн хараагийн, Өмнөговийн Булганы, Дорнодын Халхголын эрдэм шинжилгээний хүрээлэнд туршилтын журмаар тарьжээ.  МАХН-ны Төв Хорооны 9-р бүгд хурлаас (1971 он) Халхголд шар буурцаг тарьсан туршлага сайн  үр дүнтэй болсныг тэмдэглээд уураг ихтэй тул малын тэжээлд зориулан тариалах шийдвэр гаргасан байна. Агрономич Б.Аюурзана 1971-1989 онд Халхголын ХАА эрдэм шинжилгээний хүрээлэнд услагаатай, услагаагүй нөхцөлд шар буурцгийн сортуудыг судалж,  тариалах технологийг нь боловсруулах эрдэм шинжилгээний сэдэвт ажлыг гүйцэтгэх явцад 20-500 га хүртэл талбайд тариалж нэг га-гаас услагаагүй цөхцөлд 7,6 ц/га хүртэл ургац авч байсны зэрэгцээ шар буурцгийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилтуудыг хийж байжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх