Экологийн ул мөр


Амьдралын хэв маяг, дадал зуршлаа өөрчилж, байгаль орчинд үлдээх ул мөрөө багасгаж,  эх дэлхийдээ ээлтэй амьдаръя!

 

Хүмүүн бидний экологийн ул мөр

Хүмүүний амьдралын ул мөр, тэдний байгаль орчинд үлдээж буй ул мөр нь тухайн хүний амьдралын чанарын үнэлгээ юм.

Бид алхам тутамдаа байгальтай харьцаж, усыг нь ууж, агаараар нь амьсгалж, ургамлаар нь хооллож, газар дээр явган болон унаагаар зорчиж, 50 сая малаа бэлчээрлүүлж, мод, нүүрсийг нь түлж амьдарч байна.

Усны, модны, хүнсний, цаасны, хувцасны, цахилгааны, шатахууны, түлшний гэхчилэн хүний амьдралын бүхий л хэрэглээ байгаль орчинд ямар нэг ул мөр үлдээдэг. Үүнийг экологийн ул мөр гэж нэрлэх ба гга (глобал га) гэдэг нэгжээр хэмждэг.

Нэг хүний экологийн ул мөр 1,8 болон түүнээр доош байвал дэлхийн даацын хүрээнд байна гэсэн үг. Одоогоор дэлхийн нэг хүний экологийн ул мөр нь 2,7 гга болчихоод байна. Тэгвэл монгол хүний экологийн ул мөр нь 5,5 гга гэж тооцоолжээ. Дундаж Австри хүний экологийн ул мөр нь 4,9 гга байна. Дэлхийн хүн бүр ингэж амьдарна гэвэл өнөөдрийн байдлаар хүн төрөлхтөнд 1.5 дэлхий хэрэгтэй болчихоод байна.

Харамсалтай нь дэлхий маань ганц учир амьдралын хэв маяг, дадал зуршлаа өөрчлөхөөс өөр арга байхгүй. Энэ нь дэлхийн хүн бүхэнд хамаатай асуудал юм.

Түрүү үеийн нүүдэлчин монголчууд нь ардаа ямар нэгэн ул мөр үлдээлгүй амьдрагсдын гайхалтай үлгэр жишээ юм. Тэд ардаа бууц, жорлон, ухсан нүх, үнс нурам, сүйтгэсэн ой, бохирлосон гол ус, тэр бүүхэл нэр алдар ч үлдээхээс зайлсхийж явжээ. Энэ бол бүхэлдээ гэгээрсэн, ухаарсан, юунд ч уягдаагүй, байгаль орчиндоо ая зөнгөөрөө зохицон амьдрах гүн ухаан юм.

Бэлчээртээ тохирсон зөв бүтэц бүхий сүрэг малтай, урин цагт цагаан идээ голлосон зөв хоол хүнстэй, малын бүх ашиг шимийг хаягдалгүй ашигладаг технологитой, хэрэгцээгээ өөрөөсөө бүрэн хангадаг өрх гэрийн үйлдвэрлэлтэй, хамгийн бага нэн ухаалиг хэрэглээтэй,1995 оныг хүртэл самар, жимс, сонгино гээд  байгалиас үнэгүй ашиглаж болох ямар ч зүйлд гар, ам хүргээгүй шунал хүслийг тэвчсэн ухаантай, буян ба нүглийг (эергүү, сөргүү энергийн хууль) таньж мэдсэн менежменттэй, нүүдлийн үлэмж өв соёлтой Монгол гээч эх орон, хүн зон олон зуунаар зутраа нь үгүй аятай сайхан аж төрж байжээ.

 

 

Одоо эсрэгээрээ, ардаа асар их ул мөр үлдээж,бараг л үүний төлөө амьдарцгааж байна. 

Малчид бэлчээрийн даац хэтрүүлэн мал өсгөж, сүргийн тал хувь нь ямаа болсноор Монгол орны нутгийн 78.2% нь цөлжиж, бэлчээрийн 87% нь талхлагдаж, бэлчээрийн ургамлын 50% нь дахин сэргэхээргүй устсан байна. Цөлжилтийн 87% нь хүний үйл ажиллагаанаас шалтгаалжээ (Б.Болдгив Монгол орны уур амьсгалын өөрчлөлт ба хүний хөгжлийн зарим асуудлууд).

Монголчууд бид сүүлийн жилүүдэд олзны хойноос улайрч, онгон байгалиа зүйл бүрээр сүйтгэж, ойн санг 42% дундалж, говийн бүсэд заг, харганыг түлж сүйтгэснээр 145 000 га газар элсэн манхан болон хувирч, ан амьтныг устгаж, хурган мөөг, самар, жимс, эмийн ургамлын нэлээдийг ахин харахааргүй болгожээ (Б.Болдгив Монгол орны уур амьсгалын өөрчлөлт ба хүний хөгжлийн зарим асуудлууд).

Хүн бүр л олз олох, од болох, алдаршихын мөрөөдөл тээж явна. Японы судлаач Сузуки “өөрийгээ сайн шатдаг түүдэг шиг шатаа. Чамаас үнс нурамны ор бүү үлдэг” гэсэн байна.

Түрүү үеийн монголчуудын амьдралын зарчим бол “ардаа ул мөр үлдээхгүй” байх явдал юм.

Энэ зарчмаар амьдарсан тэд өнөөгийн бидэнд энэ улс орныг мянган жилийн тэртээх байдлаар нь хүлээлгэн өгчээ. Харин 30-хан жилийн дотор үлдээсэн бидний ул мөр хар балаг тарьж, Монгол орон цааш хир удаан тэсэж үлдэх вэ? гэсэн асуултын тэмдэг иргэн бүрийг шалгааж байна.

Иргэн, байгууллага хамт олон, оюутан, сурагч, хүүхэд, малчин ажилчин, сэхээтэн хэн бүхэн өөрсдийн экологийн ул мөрийг үнэлж, өөрөөр хэлбэл амьдралынхаа чанарыг үнэлж, аль болох ардаа мөр үлдээхгүй буюу ядаж хамгийн бага ул мөр үлдээх зарчмыг гүн ухаанаа, зорилгоо болгон ань гэж амьдарч гэмээ нь эх оронтойгоо үлдэж болохнээ.

Дэлхийн экологийн ул мөрийн үнэлгээнээс үзвэл хүн төрөлхтөний хэрэглээг хангахын тулд 2010 гэхэд 1,5 дэлхий, 2050 он гэхэд манай дэлхий шиг 2 дэлхий шаардлагатай болжээ.

Бидний амьдралын ул мөр хэдий том байна, эх дэлхийдээ төдийчинээ дарамт үзүүлж байна гэсэн үг. Хүмүүн бидний хэрээс хэтэрсэн хэрэглээ нь дэлхийн биологийн нөөцөөс хэдийнээ хэтэрч ирээдүйгээ баллаж байна. 1970-аад оны дундаас хойш хүмүүний хэрэглээг даах нөөц дэлхийд хомсдож эхлэв. Байгаль орчны болоод эдийн засгийн өнөөгийн хямрал нь сүйрлийн дохио юм.

 

 

 


 

 

 

 

 

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх