Ус


Ус чандмань эрдэнэ

Усны нөөцийг хамгаалахын тулд ойг хамгаалах шаардлагатай. Ой модыг сүйтгэх нь хөрсний эвдрэл, цөлжилтийн шалтгаан болж ус хадгалах хөрсний чадварыг алдагдуулах, ус нөөцлөгдөх чадавхийг сууриар нь сүйтгэх шалтгаан болдог. Иймээс ойг хамгаалах нь усны нөөцийг хамгаалах явдал юм. (Жан Миньжунь, Эко аюулгүй оршихуйн үндсэн асуудлууд, 2012)

Дэлхий дээр 780 сая хүн ундны цэвэр усаар гачигдаж байна. Дэлхий дээр өдөрт 5000 хүүхэд буюу 20 секундэд 1 хүүхэд усны бохирдлоос шалтгаалсан өвчнөөр нас барж байна. Ундны усаа гаднын орноос тээвэрлэж ууж байгаа орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Гоожуураас 1 секундэд дуслах ус жилд 45000 литр болдог тул усыг гамнах нь эх оронч үзэл мөн.

Усанд үлдээж буй хүмүүний экологийн ул мөр

  • 1999-2002 оны удаан үргэлжилсэн гангийн улмаас нийт 3000 орчим усны эх үүсвэр, үүнд 680 гол горхи, 760 нуур ширгэж үгүй болжээ (Даваа, 2004).
  • Сүүлийн 68 жилд Монгол Улсын жилийн нийт хур тундасны хэмжээ 7 хувь буюу 16 мм-ээр буурсан (БОЯ, 2008) нь гадаргын усны ундаалах хэмжээ багасч байна гэсэн үг.
  • 2007 онд явуулсан улсын хэмжээний усны бүртгэл тооллогын дүнгээс үзвэл 5128 гол горхийн 852 нь ширгэж үгүй болсон, 9306 булагийн 2277 нь, 7474 нуур цөөрмийн 1181 нь, 429 рашаан усны 60 нь хатаж үгүй болжээ (БОЯ, 2008). Өөрөөр хэлвэл манай орны гол горхины 16%, булаг, шандын 21.8%, нуур, тойрмын 28.0% нь ширгэжээ.
  • Гүний усны түвшин 3-5 м доошилж, мөн цасны 40% нь хайлсан байна.
  • Монголын хүн амын хэрэглэж буй цэвэр усны хэмжээ (71,5 сая м3) мал аж ахуйд хэрэглэж буй хэмжээтэй (71,0 сая м3) адил байна (Б.Болдгив, Монгол орны уур амьсгалын өөрчлөлт ба хүний хөгжлийн зарим асуудлууд)

Хөвсгөл нуурын сав газрын экологи

Хөвсгөл нуур цэнгэг усны нөөцөөрөө дэлхийн 1%, Монгол орны хувьд 70 орчим хувийг эзэлдэг. Энэ бол Монгол улсын асар том баялаг. Хөвсгөл нуурын сав газарт сүүлийн 40 жилд:

  • агаарын жилийн дундаж температур бараг 20C хэмээр дулаарсан,
  • хур тундасны түвшин буурах хандлага ажиглагдсан (Нандинцэцэг, 2007).
  • Бэлчээрлэлтийн улмаас нийт ургамлын ургац буурч, хээрт үетний болон хагд тохиолдох нь багассан ба энэ нь дулааралтыг тэсвэрлэх экосистемийн чадавхид сөрөг нөлөө үзүүлж байна. 
  • Цэвдэг гэсч эхэлсэн ба идэвхтэй давхаргын гүн малд талхагдаагүй өмнөд хэсэгт 1.5 метрээс талхагдсан хэсэгт 4 метр хүртэл нэмэгджээ. Цэвдэг ингэж гэсэх нь хөрсний чийгт нөлөөлж органик бодисын задрал, хөрсний амьсгалыг нэмэгдүүлж, илүү ихээр CO2-ыг ялгаруулахад нөлөөлнө (Goulden  ба бусад, Шархүү, 2007).
  • Хөвсгөл нуурын сав газарт малчид жилийн дөрвөн улирлын туршид бэлчээрийг хуваарилан ашиглах боломж үгүй болжээ.
  • Агаарын температур нэмэгдсэн, хур тундас багассан, цэвдэг гэсч эхэлсэн, хөрсний чийг буурсан зэрэг нь магадгүй ойн экосистем хээрийн экосистем болж буцалтгүй өөрчлөгдөн, улмаар үржил шимгүй нутаг болж хувирахад хүргэж байна (Б.Болдгив, Монгол орны уур амьсгалын өөрчлөлт ба хүний хөгжлийн зарим асуудлууд).

Ийм нөхцөлд хүмүүс зөвхөн бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдралаа сайжруулахыг хичээж байгаа нь болохгүй зүйлийг болгохыг хичээж байгаатай адил мэт болж байна (Goulden, 2005).

АНУ, монголын судлаачид Хөвсгөл нуурын зүүн эргийн малчдын боловсролын түвшинг судалснаас үзвэл 55% нь 4-р ангийн, 39% нь 8-р ангийн, 3% нь 10-р ангийн боловсролтой, 3% нь сургуульд сураагүй байна (Goulden нар, 2004).

Хүний үйл ажиллагаанд хамгийн бага өртсөн гэж үздэг байсан Хөвсгөл нуурын сав газар ийнхүү уур амьсгалын өөрчлөлт болон газар ашиглалтын тогтворгүй үйл ажиллагаанаас болж хурдацтай хувирч байгаа юм.

 




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх