ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАТГАЛ ТОСГОНЫ СУРГУУЛИАС ШАЛГАРСАН ЗОХИОН БИЧЛЭГҮҮД


Байгаль орчны боловсролыг дэмжих жил

 

“Эх дэлхий, эх орны минь ирээдүй биднээс хамаарна”,

“Ногоон хөгжил бидний ирээдүй” сэдэвт зохион бичлэгийн

уралдаанд шалгарсан бүтээлүүд

 

11 а ангийн сурагч А.Ундрахбаяр

Монголчууд бидний, тэр ч байтугай дэлхийн бүх өвөг дээдэс бидэнд эрүүл ухаан, эрүүл амьдралыг өвлүүлж өгсөн. Харин бидний өвөө эмээ, аав ээж, ах эгч нарын маань амьдрал эрүүл байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Тэд маань эрүүл агаараар амьсгалж, эрүүл хүнс хэрэглэж, эрүүл ухаанаар сэтгэж чадаж байгаа болов уу? Харамсалтай нь яг одоогийн байдлаар бидний амьдрал эрүүл биш байна. Яагаад гэвэл бид хог новш, утаа тоос тортогтоо дарагдсан, зарим маань амьсгалах агааргүй шахам болчихоод байна. Гадаадын хоол хүнсийг сайрхан идэцгээж байна. Ойр зуурын эдэлж хэрэглэх бүхнээ гадаадаас зөөж байна. Энэ бол яавч эрүүл амьдрал биш байна. Хүмүүс бид агаарыг бохирдлоос болж маш их өвчилж шаналдагтайгаа харьцуулаад бодвол байгаль эх минь биднээс хэдэн зуун мянгаар их шаналж байгаа. Нэг ширхэг цаас урахад дэлхий ээжийнхээ нэг судсыг тасалж байна гэсэн үг. Газар дээр хог новш хаяхдаа юу ч боддоггүй хүн хэд байгаа билээ. Ингэж бодохдоо миний сэтгэл үнэхээр их өвдөж байна. Өнөө үеийн залуус эх дэлхийгээ байтугай эцэг эх, ахмад настнаа хайрлан хүндлэхээ бараг больсон. Хүн хүнээ хайрлан хүндэлж байж л эх дэлхийгээ хайрлаж аварч хамгаалж чадна. Ийм учраас одооноос залуус бид нэгийг бодож хоёрыг тунгаах хэрэгтэй болж байна. Бид л үе тэнгийхэн болон ахмад настан, ах эгч нартаа эх болсон байгалиа хайрлан хамгаалах зөв хандлагыг бий болгож, зөв үлгэр дууриал үзүүлж, ус цахилгаан, хоол хүнсээ зөв зохистой хэрэглэж, хаягдал бүхнийг хэрхэн дахин ашиглахыг ойлгуулж, амьдралд нь бага ч гэсэн өөрчлөлт хийж чадна шүү дээ. Бид өөрсдөө байгаль дэлхийгээ аврахын төлөө чадах бүхнээ хийдэг байх хэрэгтэй. Бид л амьдралынхаа дадал зуршлыг өөрчилж бусдыг үлгэрлэн дагуулах хэрэгтэй. Хүй нэгдлийн үед эх  дэлхий маань ямар сайхан эрүүл, онгон дагшин байсан бол. Тэнд л жинхэнэ эрүүл амьдрал байсан байх. Харин бидний үед дэлхий маань хоног хоногоор жижгэрч, дундарч, ээлтэй сайхан үйлс бараг үгүй болж эх байгалиа устаж үгүй болохыг харсаар мөртлөө юу ч хийж сэтгэж чадахгүй олон тэрбум залхуу, ухаангүй хүн биетээр дүүрсэн юм шиг надад санагдана...

Бид болон хойч үе маань энэ хэвээр байхыг би зөвшөөрч чадашгүй нь. Одооноос л байгаль дэлхийгээ аврах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж үр хүүхэд маань ч ийм байгаасай гэж би хүсэж байна. Үнэхээр эх орны минь, эх дэлхийн минь ирээдүй биднээс л хамаарна...

 

8б ангийн сурагч Б.Ану-Үжин

Байгаль эх биднийг бүтээж

Байгаа бүхнээ харамгүй өгсөн

Бид харин хариуд нь

Бохир заваан бүгдийг өгсөн

        Ус, агаар, амьд бүхнийг тэтгэгч

        Ургамал, амьтан, бидний хоол хүнс

        Энэ бүхнийг бид байгалиасаа авсан

        Эргээж харин түүнд юу ч өгөөгүй ээ.

Хариу нэхээгүй тусыг нь

Хожимдож ухаарсан хэдий ч

Хайрлаж, хамгаалж, хүндэлж

Хонгор дэлхийдээ тусланаа би.

Миний хувьд өөрөө ч мэдэхгүй байгаль эхийгээ сүйтгэдэг байсан юм билээ. Харин одоо ирээдүйнхээ төлөө эх орноо, эх дэлхийгээ хайрланаа. Гол нь хайрлана энэ тэр гэж том том юм ярихын оронд өөрөөсөө л эхэлсэн нь дээр. Бид ирээдүй гэж ярихынхаа оронд одоог эхэлж ярих хэрэгтэй. Хүн болгон экологийн ул мөрөө багасгаж байж л эх орноо аварна шүү дээ. Эх дэлхий маань ярьдаг байсан бол зөндөө л гунигт түүхийг хуучлах байсан байх. Би л дэлхий байсансан бол бүхнийг орхиод явах л байсан. Одоо хичээгээд нэмэргүй болсон гэвэл худлаа. Модыг ихээр тарьж яагаад  чадахгүй гэж. Хичээвэл болохгүй юм гэж байхгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ.

Хэрэв дэлхий маань ярьдагсан бол

Хамаг л зовлонгоо  тоочих байсан

Хүмүүс бидний бурууг тоочиж

Хүлцэж дийлэлгүй уйлах байсан

         Үнэндээ бид буруутай нь үнэн

         Үр ач нараа бодоогүй нь ч үнэн

         Буруу хэргээ хүлээдэггүй нь үнэн

         Бусдаас өрсөж сүйтгэдэг нь ч үнэн

Тийм болохоор би дэлхийгээсээ

Тэрбум хүний өмнөөс уучлал гуйя.

Одоо бид дэлхийгээ хайрлана

Оройтсон ч гэсэн чамайгаа  хамгаална.

 

4а ангийн сурагч У.Үүрийнтуяа

Эх орон минь амьдралын утга учир билээ. Эх дэлхий бол хайрлан хамгаалах ёстой хамгийн нандин зүйл билээ. Байгаль дэлхий маань аюулд орж миний бяцхан зүрх тун их өвдөж байна. Аврал эрсэн эх дэлхий алгаа тосоод уйлж байна. Аяа тэр нулимс нь аадар болоод цутгаж байна. Амь болсон зүрх минь аажим аажмаар өмөрч байна. Иймээс хүүхэд бид одоо л эх дэлхийгээ аврахгүй бол ус ч үгүй, амьдрал ч үгүй юу ч үгүй болох нээ. Эх орноо, эх дэлхийгээ хайрлая.

 

9б ангийн сурагч М.Бямбадалай

Хамгийн гүн уудам

Хязгааргүй том далай байжээ.

Харамсалтай нь тэр далай

Хачин сонин гайхалтай

Харанхуй, амьд амьтангүй

Хавцал чулуугаар дүүрчээ

Нэг ч загас шумбаж харагдахгүй

Нэг ч хүн сэлж үзэгдэхгүй

Гуниг гутралаар дүүрсэн далай

Гуйн залбирч ийнхүү хэлжээ.

Ариун усыг минь цэнгэгшүүлж хайрла

Амьд амьтан амьдруулж хайрла

Аймшигт мөхлөөс аварч хайрла

Амьтай бүхнийг үржүүлж хайрла

Хичнээн агуу ч би ганцаараа

Хичнээн уудам ч би хэмжээтэй

Тийм болохоор би танаас

Тэнгэрлэг их амьдралийг л хүсье.

Мөрөөдлийг минь сонсооч дэлхий минь

Мөнхийн би ширгэж байна

Хуучин шигээ эрэгт минь

Хүмүүс ирж загас өхөөрдөөд л

Хүүхдүүд хөөцөлдөж сэлээд л

Хөлгүй их амьтад умбаасай

Ингэж гуйхад нь дэлхий унтууцаж

Ихээр уурсаж ийн зэмлэв.

Хэнээс бол чи бохирдож ширгэв

Хайлсан мөс бүхэн нь нулимс болсон билээ

Амьдралыг би бүтээж өгсөн

Амьд бүхнийг үржүүлж үзсэн

Хүмүүс хар амиа бодож

Хамаг бүхнийг чинь цөлмөж дууссан

Техник, технологи бүхнийг бүтээж

Тэвчишгүйгээр намайг зовоох болсон

Амьд байгалийг минь сүйрүүлэх болсон

Ариун бүхнийг минь бузарлах болсон

Ус чамайг татраан ширгээж

Ургаа модыг тайрч сүйтгэсэн

Чиний ус цэвэрших нь үгүй

Цаас, нефть, хаягдал...

Чамайг тэд хайрлах сэхээгүй

Заваан бохироо юүлж байна

Удахгүй цаг нь ирэхээр

Ус, мөрөн, байгаль сэргэхээр

Эх дэлхийгээ хайрлаж чадахуйц

Энэрэнгүй амьтдыг би бүтээнэ

Дахиад жаахан хүлээчих

Дараагийн мянганд эргээд уулзая.

Дахиж ухамсаргүй хүмүүсийн тухай

Дурдаж битгийн сануулаарай

Өгсөн бүхнийг минь шунахайрч цөлмөөд

Үхлээрээ тэд төлж дууссан юм.

Дуулгаж хэлэхэд дахин би яавч

Дутуу ухаантай хүн бүтээмээргүй байна.

Эргэх дэлхийн иргэд ээ, энэхэн дэлхий минь мөхөх нь байна. Энэ дэлхийн амьдрал, эргэх орчлонгийн ирээдүй хүүхэд биднээс л хамаарна. Бид эх дэлхийгээ аврах сүүлчийн хүмүүс шүү.

 

Харсаар байтал хайран нутаг минь

Хамаг бүхнээ алдаж дууслаа

Харийнхан газрыг үнэ хаялцан авч

Хайртай охидыг минь бузарлаж эхэллээ

Алтны уурхайг гадна дотногүй булаалдаж

Аавын хүүхдүүд алс руу цагаачлаад

Үеийн залуус минь мэссэжээр танилцаж

Үеэрхэж нөхөрлөөгүй байж шоудаж цэнгээд

Архи, тамхиар амьдралаа цэгнэж

Арчаагүйтэж зарим нь доройтсоор л...

Үндсэний телевиз нь ухуулгаар дүүрэн

Залуу охид нь завхайрлаар дүүрэн

Залуу нас заримдаа гутралаар дүүрэн

Уулын мод нь хувхайран хатаж

Ургасан цөөн нь галд нь шатаагдаж

Шатсан утаа нь уушиг хордуулж

Сайхан нутаг минь шаналж байна даа.

Үр хүүхдэдээ дараагийн зуунд

Үнс нурам л үлдээхгүй юм сан

Сэтгэл өвдөж зүрх шархираад

Сайхан нутаг минь устаж байна даа

Голууд нь ширгэж сайр л үлдэх нь

Ганган машинаа голдоо угааж

Ганц л удаа гэж өөрийгөө зөвтгөх

Гутамшигт сэтгэлээ боливол яасийм бэв

Хаашаа л харна хог новш

Харанхуй гудманд айсан хүмүүс

Харуусаж бухимдсан ард түмэн

Хотоор дүүрэн хилэнтэй байна.

Халууцахаараа бид голд сэлдэг байлаа

Уйдахаараа бид ойдоо зугаалдаг байлаа

Уурласан үедээ голынхоо чимээг сонсож

Уй бухимдлаа тайлдаг байлаа

Ай халаг сайхан байгаль мннь

Аажим аажмаар мөхөн мөхсөөр

Ард олон минь цөлд л үлдэх нээ.

Эрхэмсэг хатагтай ноёд оо, энхрий бяцхан хүүхдүүд ээ, өчүүхэн шүлгийг минь уншаад бага ч болов ухаарлыг олоосой билээ. Ганцхан эх орон минь бус бүх л дэлхий бидний буруугаас болоод мөхөж үгүй болох нээ. Аав ээжүүдийн минь тарьсан энэ гамшгийг бид л засахгүй юм бол эх орон минь сүйрэх нээ. Мод ногоо ус, ургамал нь ховордож, устаж, эх орон минь хог новшондоо дарагдаад дэлхийн даац хэтэрчээ. Хүүхдүүдээ, хүмүүсээ, эх дэлхийгээ эх орноо авраачээ. Ирээдүй зөвхөн биднээс л хамаарна.

 

8б ангийн сурагч Б.Гантулга

Амьдарч байгаа эх орноо, эх дэлхийгээ хайрлахгүй байгаа нь маш харамсалтай хэрэг юм. Би өнөөдөр экологийн боловсролын хичээлээс маш их юм сурсан мэт санагдсан.

Юу сурав аа гэж надаас асууж болох юм. Тэр хичээлээс хойш би эх орноо, эх дэлхийгээ хайрлаж хайрлаж хамгаалмаар нэг их хайр, халуун сэтгэл оргилж, маш баяртай нэгэн гэртээ харьсан. Харьсан дороо л эцэг, эх, дүү нартаа том том, маш их юм ярьж ойлгуулсан. Тэгснээрээ гэр бүлийнхнийгээ ихээр өөрчилж, бүгдийг нь бодолд оруулсан юм.

Эх орондоо, эх дэлхийдээ хайртай хүн л түүнийг аварч чадна. Би чадна гэдэгтээ маш их итгэж байна. Эх дэлхий бол хүн амьдарч болох ганц ногоон гариг юм шүү дээ.  

 

4а ангийн сурагч Н.Анар-Эрдэнэ

Сарнай цэцэгс нь өнгө алаглаад

Сайхан модод нь найгаад

Байгалийнхаа энэ их үзэсгэлэнг

Бахархан байх юутай сайхан

      Хайран байгаль минь харамсалтай нь

      Хагдарч гундаад байна.

      Цэвэр орчин нь бохирдож

      Цэнгэг ус нь бузартаж

Гал түймэр тавьж

Гандсан байгаль гунихарч байна

Балчир найзууд минь цөмөөрөө

Байгаль орчноо аваръя

      Бага багаар цэвэрлэж

      Балагтай мөрөө баллая.

      Эх орондоо эзэн нь байж

      Эх дэлхийгээ аварцгаая.

 

5б ангийн сурагч Э.Сугармаа

Намайг Сугармаа гэдэг. Би 5б ангид сурдаг. Хүмүүс ээ, бид мод тарьж, хог хаяхаа больж чадахгүй гэж үү. Хүн бүр л  буруу үйлдэл хийж байна. Хүмүүс бид буруу үйлдлээсээ байгаль эхээ сүйрүүлж байна. Хүүхдүүдэд сануулахад чихэр шоколад идэхээ багасгая.Мах идэхээ больж болохгүй гэж хэлдэг монголчуудын дийлэнх нь экологийн хичээлийг мэддэггүйгээсээ болж байгаа юм. Хүн дэлхийд маш том ул мөр үлдээж байна. Хүмүүс бид мах идэхгүй амьдарч болохгүй гэж үү? Яагаад?

 

9а ангийн сурагч Д.Цэрэн-Очир

Юуны өмнө Монгол улс цөлжилт гэдэг аюулд нэрвэгдээд байгааг хэлэх нь зүйтэй. Монгол улс маш хурдтай цөлжиж байгаа. Яагаад гэвэл хүмүүс усыг арай дэндүү гамгүй хэрэглэж байгаагаас болж байгаа юм. Бас уул уурхайн олборлогчид ухсан газартаа нөхөн сэргээлт хийдэггүй хаядгаас ийм уршиг дагавар болж байгаа юм. Ёстой л алтыг нь аваад авдрыг нь хаяна гээч нь болж байх шиг байна. Нөхөн сэргээлт хийгээгүй нүх ангалд нь хүн, мал унаж амь насаа ч алдаж байна. Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрүүд бохир усаа шууд гол, нуур, цөөрөм лүү цутгачихна. Тэр усыг нь хүн мал ууж хордож, халдварт өвчин гарч, хүн  амьтны амь ч сүйдэж байна. Энэ аймшигт аюулуудаас Монгол улсаа, эх дэлхийгээ яаж хамгаалах вэ гэдэг нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд биднээс л хамаарна шүү дээ. Иймээс цөмөөрөө хоггүй орчныг бий болгож, цэвэр усаа хайр гамтай хэрэглэхээс эхэлье. Дэлхийн улс орнууд хөгжлийн тухай тодорхойлохдоо экологийн чиг баримжаатай эдийн засаг хөгжүүлэх, байгаль, нийгэм, эдийн засгийг тэнцвэртэй хөгжүүлэх тогтвортой хөгжлийн асуудлыг тусгах болжээ. Хүн төрөлхтөн эхнээсээ л байгалийг нийгэмд зохицуулах гэж оролдож ирсэн бол, одоо нийгэм нь байгальдаа зохицох цаг үе ирээд байна. Тогтвортой хөгжлийн асуудал нь дараах зорилготой:

  1. Экологийн зорилго: Байгалийн нөөцийг зохистой ашиглах, байгаль орчныг доройтуулахгүй байх, байгалийн гамшгийн аюулыг бууруулах зорилгоор дэлхийн шим мандлын багтаамжид түшиглэн хязгаартай нөөцөд зохицож амьдарч болох
  2. Эдийн засгийн зорилго: Үр ашигтай, хэмнэлттэй, зөв амьдарч сурах.
  3. Нийгэм, соёлын зорилго: Ядуурлыг арилгах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, шударга ёсыг хангах, аюулгүй байдал ба иргэний эрхийг хангах

Иймээс аж үйлдвэрийг  хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангаж хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэх асуудлыг шийдэхдээ экологийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх шаардлагатай. Мөн хаягдалгүй технологийг нэвтрүүлэх, хог хаягдлыг дахин боловсруулахдаа байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх нь чухал байна.

 

6б ангийн сурагч Б.Мөнх-Од

Эх дэлхий биднээс хамаарна. Яагаад гэвэл бидний бүтэлгүй байдлаас болж ус ширгэж, мод хувхайрч, өвч гандаж, дэлхий сүйрэл рүүгээ дөхөж байна. Монгол улс гэхэд л газар нутгийнх нь 78 хувь цөлжөөд байгаа билээ. Итгэхгүй байгаа бол Аляскийн Мкартин мөсөн уул хайлж дууссаныг хар. Хүмүүсийн хэрэглээ хэрээс хэтэрч, улс болгонд олон дэлхий хэрэгтэй болсон байна. Тухайлбал, АНУ-д 5.3, Англид 3,1, Францад 3, Германд 2.5, ОХУ-д 2.4 дэлхий хэрэгтэй болчихоод байна. Улс орны баян хүмүүст дэлхий биш түүн дээрх алт, үнэт чулуу, нүүрс, үнэт олдвор, газрын тос, мод нь хэрэгтэй болоод байна. Яагаад гэвэл тэд үүгээр баяжиж хөлждөг юм. Монголчууд бид хүнснийхээ 70 гаруй хувийг гадаадаас авдагаа больж, хүнсний ногоогоо өөрсдөө тарьвал байгальд ээлтэй амьдрал болохсон. Байгаль эхийгээ аврахын тулд хүн бүр наанадаж хуулинд заасан нэг модоо ч болов ядаж тарьдаг болмоор байна. Би та нарт хамгийн том мөрөөдлөө хэлье. Хүн бүр эко орчинд амьдраасай, Мод, хүнсний ногоо тарьж, цэцэг ургуулаасай гэж би хүсдэг. Модоо гамнахын тулд цаасаа хэмнэх хэрэгтэй. Монгол цаас үйлдвэрлэдэггүй орон, гаднаас авдаг цаас маань дэлхийн ойг сүйтгэж бий болдог юм шүү дээ. Та бүхэнд ярих, бичих юм зөндөө байна. Ихэнх хог хаягдал газрын хөрсөнд шингэж алга болох хүртлээ хэдэн зуугаас сая жил болдог юм байна. Таны уусан архины шил жишээ нь 1 сая жил, пивоны төмөр лааз 500 жил газар дээр газар дээр хог болж хэвтэх жишээтэй. Магадгүй та халамцуу яваад тэр хогондоо таварцаглаж үхэж ч мэднэ.

Өө би та нарт өөрийгөө танилцуулаагүй юм байна. Монгол хүн миний нэрийг Б.Мөнх-Од гэдэг. Хатгалын сургуулийн 6б ангийн сурагч. Манай сургууль дээр 7 салбар зөвлөлтэй эко-зөвлөл саяхан байгуулагдлаа. Би энэ зөвлөлд өөрийн саналаар орсон. Дэлхийд цөөхөн хүн түүний төлөө санаа зовж сүйрчих вий гэж бодож байхад за яршиг аа дэлхий дэлхий л гэх юм, түүний оронд нүүрээ будаж, шинэ брендийн хувцас өмсөөч гэж айлгүйтэж байгаа нь ёс суртахуунгүй амиа хичээсэн хүний шинж юмаа.

 

9а ангийн сурагч Г.Сэржмаа

Эх орны ирээдүй биднээс хамаарна гэсэн энэ үг бол чухал үг юм. Энэ үгэнд их утга санаа агуулагдаж байна. Бид одоо л байгаль орчинд үлдээж буй ул мөрөө аль болох багасгаж чадвал дэлхийн нас уртасна. Эх орноо гэсэн сэтгэлтэй л бол байгаль дэлхийдээ үлдээх ул мөрөө багасгаарай. Бидний болон үр хүүхдийн маань ирээдүй энэ ул мөрнөөс л хамаарна.  Бид “Бод-Хэрэглэ-Хэмнэ” гэсэн уриатайгаар амьдарч чадвал энэ нь байгальд ээлтэй амьдрал болно. “Бод-Хэрэглэ-Хэмнэ”!

 6а ангийн сурагч Э.Оюунтунгалаг

Би эх орон, эх дэлхийгээ хамгаалахыг маш их хүсэж мөрөөддөг. Хайрлаж байж л хайрлуулна шүү дээ. Би том болоод ногоон дэлхийгээ өвс, ургамал, мод, устай нь хайрлаж хамгаалах болно. Амьдрах орчин, амьдрах ухаанаа хамгаалцгаая хүмүүсээ. Ингэхгүй бол бид сүйрэх болно. Тэгэхээр эх дэлхийгээ хамгаалах нь бидний үүрэг юм. Бид чадна, бид бүтээнэ. Бид нар малтай айл бүрд анхааруулан сануулж хэлэх хэрэгтэй байх гэж би бодож байна. Би малын тоог цөөрүүлж, өвс ургамал, газар хөрсөө хамгаалж чадна гэж бодож байна. Эх дэлхийн ирээдүй бид бүхнээс хамаарна.  Бид мах идэхээ болиод цагаан хоолтой болох хэрэгтэй юм. Цагаан хоолтой болж байж л эх дэлхийгээ, ирээдүйгээ аврах болно. Бид ургац, тариа будаагаа, хувцас, бал, дэвтэр, ном, цаас, хэрэгтэй бүх зүйлээ гамтай хэрэглэх хэрэгтэй. Бидний өмсөж байгаа хувцас, бичиж байгаа балыг хүртэл хүмүүс их хүч хөдөлмөр гаргаж хийдэг юм шүү. Бид хүмүүсийг хайрлах хэрэгтэй. Бид жаргал зовлонгоо эх оронтойгоо хуваалцаж, аз жаргалыг нь сонсож, эх орныхоо ирээдүйг аз жаргалыг нь гэрэлтүүлэх ёстой.

 9а ангийн сурагч С.Отгонбямба

Бид хэдэн зуу, түм бумаар нь байгалиас авч хэрэглэдэг мөртөө байгалдаа дэндүү хэнэггүй, хайр гамгүй хандаж байна. Байгаль хамгаалах гэж ярьцгаадаг хир нь бидний хамгаалж буй үр дүн хаана байна. Гол нуурыг тойрон амьдарч хүн мал цөм усаа бохирлож байгааг, үйлдвэрүүдийн утаа ямар дарамт учруулж байгаа гээд бид бүгдийг нь сайн мэдэж байгаа. Дэлхийн баялаг дуусч л таараа. 21-р зууныг хөгжлийн үе гэж байгаа ч энэ нь чухамдаа гамгүй хэрэглээний үе үү, ядуурлын үе болох уу гэдгийг маш нухацтай бодох цаг болжээ. Бидний буруугаас болж дэлхийн дулаарал гэж маш том аймшиг нүүрлэж байна. Энэ аюулуудтай одооноос л тэмцэхгүй бол цөлд амьдрах болох нээ. Ядаж л хог хаягдлаа зориулалтын саванд хийж, мод тарьж, хэрэгтэй хэрэггүй олон юм хэрэглэхгүй гамнаж сурах хэрэгтэй байна. Иймээс бид ухамсартай байж өөрөөс хамаарах бүхнийг хиймээр байна. Амаараа хий ярих биш хөдөлмөрлөж бүтээцгээ.

 8б ангийн сурагч М.Мөнхзул

Мод нь хэдэн литр ус агуулдаг вэ гэхэд хариулж чадах хүн байхгүй л байна. Ийм мэдлэгээр бид яаж байгалиа хамгаалах билээ. 40 тонн ус агуулдаг юм гэхэд худлаа гээд аргаа бараад байцгааж байтал телевизээр усны тухай ярьж байна. Ингээд л манай гэр бүл нэг том зүйлийг ухаарч авсан. Одоо би хоёр сард ганцхан шоколад иднэ, ногоогоор хоол хийж иднэ, ерөөсөө тууштай арга хэмжээ авна. Амьдралын эх нь ус, ургамал, ан амьтан гэдгийг санаж явах болно. Нов ногоон байгаль, алагласан цэцэгс, ан амьтад элбэг байвал миний хүсэл тэр болно. Экологийн анхны сургалтын дараа миний зүрх их өвдлөө. Би байгалиа чадлаараа хайрлаж хамгаална.

 11а ангийн сурагч Б.Болортуяа

Элэг нэгт Монголын ахан дүүс минь эх орноо эко улс болгохын төлөө бүгдээрээ нэгдэцгээе. Байгаль эх маань бидний хайр энэрлээр дутаж байна. Байгаль дэлхийгээсээ зөндөө юм авч байгаа юм чинь хариуд нь ядаж хэрэглээгээ багасгаад өгөхөд л эх дэлхийн ачаа хөнгөрөх бизээ. Цөмөөрөө хамгийн энгийнээс эхэлье.

  1. Махан хоол хүнс бага хэрэглэе.
  2. Ой модоо огтлохгүй байя
  3. Хог хаяхгүй байя.
  4. Усаа хэмнэж, нуур голоо бохирдуулахгүй байя.
  5. Хэрэглээгээ багасгая.

Бидний хэн маань ч энэ таван зүйлийг хийж чадна шүү дээ. Эс тэгвэл дэлхий маань биднийг багтааж чадахгүйд хүрээд байна. Бидний их бөгөөд буруу хэрэглээ нь Монголыг дулааруулж байна. Энэ бол маш аюултай зүйл. Монголын иргэн бүр дэлхий дахинд, Монголд маань юу болж байгааг сайн ойлгох хэрэгтэй байна. Эх дэлхий маань хутганы ирэн дээр ирчихээд байна. Эх дэлхий бидний гарт шүү!!!

 10б ангийн сурагч Н.Шинэсаран

Бидний хэрэглээ, түүнээс үүдсэн экологийн ул мөр хэдий том байна төдий чинээ эх дэлхийдээ дарамт учруулна. Бид эх орноо алт шиг хайрлавал, эх орон минь таныг алт шиг л хайрлах болно. Хүний муу үйлдэл муу л шалтгаан дагуулдаг. Модыг нь огтолсны хойно тэр хэсэг газар хүлэмжийн хий шингээгч байхаа больж харин ялгаруулагч болж хувирдгийг олон хүн мэднэ гэж үү? Энэхэнийг мэдэхгүй модоо тайрсаар л байхуу? Нэг мод ургуулахад 15 жил хэрэгтэй байхад өдөрт машин машинаар нь мод тайрч ачиж байна. Эх нутгийнхаа нэн эмзэг хөрсийг сэндийлсээр л байх уу? Та хойч үед минь юу үлдэх бол гэж сэтгэл зовохгүй байна гэж үү? Чандмань-Эрдэнэ болсон усаа бохирдуулсаар л байх уу? Бие засах газрын бохир нь газрын ан цаваар ус хөрсөө бохирдуулсаар байх уу? Энэ бүхэн бидний мунхаг үйлдэл, ухамсаргүйгээс л болж байна.

Муу үйл зовлонгийн шалтгаан

Сайн үйл жаргалын үндэс гэдэг дээ...

Экологийн ул мөрийг бууруулахын тулд:

  1. Малын тоог нутаг дэвсгэртээ зохицуулан бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байхаар зохицуулах
  2. Хүн бүр ухамсарлах
  3. Хүүхдийг багаас нь байгальд ээлтэй зөв хүмүүжүүлэх

Та хэрэглэхийнхээ өмнө заавал бод, тэгээд хэрэглэ, гэхдээ ариг гамтай хэрэглэ. Ингэвэл эх дэлхийгээ хайрлаж байгаа хэрэг болно.

[цааш унших] 

 




Bookmark and Share

Үйл явдал


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Сургалт




Бүгд ›