"Ногоон гариг-Ногоон ирээдүй" ТББ-ын дэргэдэх "VEG" сургалтын төвөөс "Ургамлан хоол, хүнсний үйлдвэрлэл-хэрэглээ" сэдэвт ахисан түвшний 60 цагийн сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтанд "Loving Hut" ургамлан (vegan) хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд 2014 оны 11 дүгээр сарын 17-оос 30 хүртэл 2 долоо хоногийн турш суралцаж амжилттай төгсөв. Сургалтаар ургамлын гаралтай хоол, хүнсний үйлдвэрлэл, зохистой хэрэглээний талаарх шинжлэх ухааны орчин үеийн судалгаа, үзэл баримтлалд тулгуурласан онолын мэдлэг, үйлдвэрлэлд шаардлагатай чадвар олгов.
"Loving Hut" веган хоолны сүлжээ зоогийн газар нь үйлчлүүлэгчдэд эрүүл, аюулгүй, тэжээллэг, чанартай веган хоолоор түргэн шуурхай, эелдэг боловсон үйлчлэхийг эрхэм зорилгоо болгож ажилладаг бөгөөд дэлхийд хамгийн хурдан өргөжин дэлгэрч байгаа веган хоолны сүлжээ юм. Одоогоор Ази, Европ, Хойд болон Өмнөд Америк, Австраль тивд нийт 200 гаруй салбар ажиллаж байгаа ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.lovinghut.com/ холбоосоор орж үзнэ үү.