ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАНХ СУМЫН СУРГУУЛИАС ШАЛГАРСАН ЗОХИОН БИЧЛЭГҮҮД


Байгаль орчны боловсролыг дэмжих жил

 

“Эх дэлхий, эх орны минь ирээдүй биднээс хамаарна”,

“Ногоон хөгжил бидний ирээдүй” сэдэвт зохион бичлэгийн

уралдаанд шалгарсан бүтээлүүд

Хөвсгөл аймгийн Ханх сумын ахлах сургууль

11 а ангийн сурагч М.Наран-Эрдэнэ

Тони Барновскийн ахалсан баг дэлхийг зургаа дахь мөхлийн шатандаа яваа гэж дүгнэсэн бөгөөд дэлхий дээрх бүх төрөл зүйлийн 75% нь 300 жилийн дотор устаж үгүй болж мэдэх талаар мэдээлсэн байна. Хүмүүс бид эх дэлхийгээсээ авсныхаа хирээр нөхөн сэргээлт хийдэг билүү? Бид жилд нэг удаа ч болов ганц мод тарьдаг билүү? Бид хүрээлэн буй орчиндоо цэвэрхэн амьдарч чаддаг билүү? Бид эх дэлхийдээ талархалтай хандаж чандмань-эрдэнэ болсон усаа ариг гамтай хэрэглэж чаддаг билүү? Энэ дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн дийлэнх нь үүнийг хийдэггүй. Тийм ч учраас хүмүүс бид өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж эх дэлхийгээ зургаа дахь мөхлийн ирмэгт авчирч байна. Т.Барновскийн онцолсноор энэхүү зургаа дахь мөхөл нь өмнөх таваасаа тун их ялгаатай. Учир нь өмнөх таван мөхлүүдэд байгаагүй, байх ч боломжгүй “сонголт” гэдэг үнэт зүйл өдгөө хүн төрөлхтний гарт байна. Бид эх дэлхийгээ хамгаалах ёстой. Бидний гарт байгаа “сонголт” гэдэг үнэт зүйлийг алдаж хэрхэвч болохгүй. Уур амьсгал ихэд өөрчлөгдөж байна. Дулаарал эрчимтэй үргэлжилж, Хойд мөсөн далай хайлж, цэвэр усны нөөц хомсдож хүмүүс уух усны дутагдалд орж байна. Ган, зуд, үер усны давтамж ойртож, байгалийн тэнцвэрт байдал алдагдах болов. Хаа сайгүй цөлжилт нүүрлэж, түйрэн босч, биологийн төрөл зүйлийн тоо цөөрч байна. Хог хаягдал, агаарын бохирдол хэрээс хэтрэв. Ийм таагүй хандлагыг сөргүүлэн эх дэлхийн үр сад хүмүүс бид дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна. Ногоон хөгжлийн төлөө бид хамтдаа дараах зүйлийг хийж эх дэлхийгээ зургаа дахь мөхлөөс хамгаалж чадна. Нэг хүн 18 ширхэг мод тарьснаар насаараа амьсгалах агаарыг дэлхийдээ буцааж өгч чаддаг.

Мод тарьж, айл иргэн бүр цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг аж амьдралдаа хэрэгжүүлье. Чандмань-эрдэнэ усаа хайрлаж, цэвэр усны хэрэглээг багасгаж, бороо, цасны ус хэрэглэдэг болъё. Иргэн бүр хүрээлэн буй орчиндоо ээлтэй байж, ил задгай хог хаяхгүй, хог хаягдлыг эргүүлж ашигладаг болъё.

Одоо байгаа бүхэн мөнхөд байна гэдэг ойлголтоосоо салж эх дэлхийгээ хайрлана гэдэг бол эргэн тойрноо хайрлаж хамгаална гэдгийг хүн бүр ухамсарлаж ойлгох хэрэгтэй байна. 

Хүлэмжийн хий болох намгийн хийг ихээр ялгаруулж буй махны хэрэглээг багасгаж, долоо хоногт 1-3 удаа цагаан хоол идэж байвал озоны давхарга цоорохоос хамгаалж чадна. Хүн бүр экологийн ул мөрөө багасгая. Дулаарлын эсрэг тэмцэе!!!

Ингэж чадвал бид: Үй түмэн галактик дотроос цорын ганц амьдартай цэнхэр нүдэн дэлхийгээ мөхлөөс хамгаалж нүдэнд торох хоггүй, эрүүл, ногоон, урт настай дэлхий болгож ирээдүйдээ нүүр бардам хүлээлгэн өгч чадна. Үүнийг хүмүүс бид хийж чадна.

Бид ирээдүйгээ ногоон өнгөөр өөрсдийн гараар бүтээнэ. Зургаа дахь мөхөл ирээд байгаа ч бидний гарт “сонголт, боломж” байна. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж эх дэлхийгээ аварцгаая.

 

 

11а ангийн сурагч Ө.Отгонням

 

 

Эх дэлхийгээ, эх орон газар шороогоо бид ээж аав шигээ хайрлах ёстой болоод байна. Хүн бүр экологийн ул мөрөө багасгаж хойч ирээдүйгээ бодох хэрэгтэй. Хог хаягдлыг их хэмжээгээр эргүүлж ашиглаж болохыг бид одоо мэдэж авлаа. Экологийн ул мөрөө хэрхэн бууруулахыг хүүхэд наснаас нь зааж өгч хэвшүүлэх нь зүйтэй юм байна. Малынхаа тоог багасгаж, ялангуяа ямааг цөөлж байж газар маань хөрсжиж, ургамал сэргэнэ шүү дээ. Хамгийн бага усны ул мөр бүхий төмс, хүнсний ногоо, цагаан хоол хэрэглэвэл бидний экологийн ул мөр багасах юм. Эх дэлхийн ирээдүй бидний гарт байгаа учраас, биднээс хамаарах учраас, эх дэлхийгээ хайрлаж, экологийн ул мөрөө багасгая хүмүүс ээ.

 

10б ангийн сурагч Г.Мөнх-Оргил

Өвөг дээдсээс үлдээсэн бүхэн одоо бидний экологийн асар том ул мөрөөс болж хэдхэн жилийн дараа сүйрэхэд хүрч байна. Ширгэсэн гол, хожуулаар дүүрсэн ойг бид харж байна. Эх нутгийнхаа хөрсийг сэндийлж, элгийг нь авчихлаа. Өвөг дээдэс маань бидэнд хайрлаж хамгаалах, өрөвдөж энэрэхийг заасан бишүү. Гэтэл ухамсаргүйгээсээ, хэтэрсэн шуналаасаа болж төрж өссөн нутгаа умартаж, атгын чинээ алтнаас амиа өгөхөд ч бэлэн байна. Бид эх дэлхийдээ дааж дийлэхээс нь илүү ул мөртэй амьдарч байна. Ганц мод тарьдаггүй байж  ядаж идэж уух, өмсөх зүүхдээ анхаарцгаая. Бидний бахархал болсон Хөвсгөл далай бол амьд яваагийн минь утга учир. Бидэнд мэдэгдэхгүйгээр хичнээн ч их ус хорогдож байгаа юм билээ. Бидний ууж идэж, хэрэглэдэг зүйлд тоо томшгүй ус зарцуулагдаж байна. Бидний зүгээр л ураад хаячихдаг 1 тонн цаас хийхэд 17 мод орно. Харин нэг мод ургуулахад 15 жил хэрэгтэй. Иймээс яг одоо л энэ бүхнийг засаж залруулахгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй, өдөр хоног өнгөрсөөр л байна. Эх дэлхийн хөгжил цэцэглэлт надаас, бид бүхнээс хамаарна.

10б ангийн сурагч С.Гантогтох

Эх дэлхийдээ, байгаль орчиндоо бид аль болох бага ул мөр үлдээх ёстой. Бид хогийг замбараагүй хаяхгүй байж цагаан хоолтон болохыг хичээнэ. Шоколад идэхгүйгээр тэр мөнгөөрөө өөрт болон бусдад хэрэгтэй хүнсний ногоогоо худалдаж авна. Амьтад бидэн шиг чихэр шоколад идэхгүйгээр амьдарч болж байгаа юм чинь бид яагаад чадахгүй гэж. Бид ногоо идээд амьдарч чадна. Ногоо жимсээ бид өөрсдөө тарьж ургуулна. Хүмүүс бид маш залхуу байна. Бид яагаад аргал, гишүү түүж түлж болохгүй гэж. Бид өвлөж авсан эх орноо ямар болгосноо эргэж нэг санаарай.

11а ангийн сурагч Н.Дамдиндаваа

Хүн бүхэн өөрсдийн байгальд учруулсан муу үйлээ харцгаая. Би анх Хөвсгөл далайг харахад нуур маань маш өргөн, давалгаа нь машины зам руу ордог байсан. Одоо өмнө эрэгтээ ч хүрэхгүй болсон. Аав минь өөр нутгийн хүн. Аавыг анх энэ нутагт хөл тавьж гол гатлахад нь морины нь хөлд загас гишгэгдэж цагаанаар урсдаг байсан гэж ярьдаг.

Хүмүүс бид амиа хичээлгүй, хог байсан ч миний, чиний, таны төлөө түүнийг аваарай гэж гуйя. Хүүхдээ уйлуулахыг хүсэхгүй л бол бидэнд зөвхөн сайн ирээдүйг л өгөөрэй.

 

 




Bookmark and Share

Үйл явдал


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Сургалт




Бүгд ›