ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫН СУРГУУЛИАС ШАЛГАРСАН ЗОХИОН БИЧЛЭГҮҮД


Байгаль орчны боловсролыг дэмжих жил

 

“Эх дэлхий, эх орны минь ирээдүй биднээс хамаарна”,

“Ногоон хөгжил бидний ирээдүй” сэдэвт зохион бичлэгийн

уралдаанд шалгарсан бүтээлүүд

 

 

8б ангийн сурагч Б.Хонгорзул

Би эх орондоо, байгаль дэлхийдээ магадгүй эцэг, эхээсээ ч илүү хайртай. Би эх орныхоо төлөө цагаан хоолтон болж, хоёрхон хувцастай байсан ч чадна. Гэтэл бид эх орноо, байгаль орчныг доройтуулж байснаа мэдсэнгүй явж. Өнөө өглөө эко хичээлд суугаад л ойлгож мэдлээ. Өнөөдөр манай сургуулийн сурагчид 400 чацарганы мод тарьж байгальдаа хувь нэмэр орууллаа. Байгаль бол бидний хоёр дахь ээж юм. Би хоёр ээжтэйдээ баярлаж явдаг. Байгаль ээждээ би үнэхээр хайртай. Энэ сайхан Монгол орны минь өвс ургамал, ой мод, амьд юм бүхэн амар амгалан амьдарч байг. Хөвсгөл далайн ёроолд тээврийн 5000 гаруй хэрэгсэл хог болоод хэвтэж байгаа. Ийм бохир заваанаас болоод далай ээж маань ширгэж мэдэхээр байна. Хөвсгөл нуур ширгэвэл бид уух усгүй ангаж үхэх болно. Одоо хүн төрөлхтөнд манай дэлхийгээс гадна ахиад нэг дэлхий хэрэгтэй болчихоод байна. Бид мах идсэнээс болж хүлэмжийн хий ихсэж, дэлхий дулаарч, мөнх цас, мөнх цэвдэг хайлж байна. Монгол хүн бид л эх орноо аврахгүй юм бол хэн бидний өмнөөс монголыг аврах юм бэ. Бидний уриа бол “Эх орондоо, эх дэлхийдээ ээлтэй амьдрах”.

Зөвхөн усны ул мөрийг нь авч үзвэл төмс хүнсний ногоо нь махнаас 50-60 дахин бага усаар бүтэж бий болдог юм байна. Тиймээс бид төмс, хүнсний ногоогоо өөрсдөө тарьж, цагаан хоол идэж, махан хоолоо багасгавал байгальд ээлтэй амьдрах болно. Эх дэлхийгээ хайрлах нь нэгэн гайхамшиг, хоггүй цэвэр орчинд амьдрах нь бас нэг гайхамшиг, мод тарих нь өөр нэг гайхамшиг болохыг өнөөдрийн хичээл, жимсниймод тарьж хийсэн ажлаасаа олж харлаа. Нэг цэцэг тарих нь зуун цэцэг тарьсантай, нэг мод тарих нь мянган мод тарьсантай адил юм даа гэж би бодлоо. Ядаж айл бүр нэг мод таривал байгаль ээж маань ямар их баярлах бол гэж би дотроо бодсон. 8б ангийнхан тэмцээнд түрүүлбэл яаж баярлах бол, яг л түүн шиг байгаль эх баярлах болов уу гэж бодсон. Эдэлж хэрэглэж байгаа бүхэн маань байгаль эхээс гаралтай. Амьтны шүлсээр хүртэл утас хийдэг гэсэн. Энэ чинь эх дэлхийгээ утас болгож юм оёж байна гэсэн үг. Бидний орон сууц, бие засах газар бүх юм модоор бүтээгджээ. Одоо энэ сэтгэлгээгээ өөрчилье, бүр зогсооё гэж би хүмүүст хэлмээр байна. Бид мөнх ногоон байгалиа яагаад ээжийгээ гэж бодож болохгүй гэж? Байгаль бол бидний  хоёр дахь ээж, хоёр дахь гэр юм. Амьтны амь хорооно гэдэг чинь үнэхээр гутамшиг юмаа. Уул ус, газар шороогоо дээдэлж хайрлаж явъя хүмүүсээ, хүүхдүүдээ, эцэг эхчүүдээ! Дэлхий бол ээж минь юм шүү дээ. Эх дэлхийгээ, эх орноо хайрлан хамгаалъя.

9б ангийн сурагч Б.Оюунмаа

Сайн байна уу? Энэ зохион бичлэгийг бичихийн өмнө би маш их зүйлийг бодсон. Энэ цагаан цаасан дээр бичиж байгаадаа би их баярлаж байна. Яагаад гэвэл энэ цаас нэг мөчиртэй тэнцүү юм байна. Тэр нэг мөчрийг нэг насандаа ч ургуулж чадахгүй байж мэднэ шүү дээ. Тийм ч учраас би өөрийгөө азтайд тооцлоо. Дэлхий ертөнц дээр амьтай бүхэн маш ховор нандин болж байна. Ус, цас, мөс, ургамал, амьтнаас авахуулаад байгаль, дэлхий ертөнц захаасаа мөхөж эхэлж байна шүү дээ. Монголд цэвэр ус бараг байхгүй болоод байна. Цэвэр ус гэх юм бол Хөвсгөл аймаг дахь далай ээж минь л байна. Дэлхийд нэн ховор ганц цэвэрхэн ус юм. Бидний хэрэглэж буй бүхэнд хичнээн их ус орж байгааг бид мэддэг билүү? Эдэлж хэрэглэж, ууж идэж, бичиж байгаа бүх зүйлд ус ордог. Бидний идэх дуртай амттаны нэг болох1 кг шоколаданд 17 тонн ус ордог гэвэл бид хичнээн ч тонн ус уус хэрэглэж байгаа юм бэ? Цэвэр усыг ахуйн хэрэглээндээ хэрэглэж байна. Ийм учраас одооноос юу хэрэглэж байгаагаа сайн тунгааж бодож байж хэмнэлттэй хэрэглэх нь зүйтэй билээ. Дэлхий ертөнцөө, их Монгол орноо нов ногоон, цэцэгсээр дүүрэн, байгаль нь хичнээн гоё, гол горхи нь хоржигнон урссан, шувуу амьтдаар дүүрсэн, ийм ногоон ирээдүйг хүсч байна. Ногоон дэлхийг бид чинь үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээхгүй юм бол элсэн цөл, шороо үнсээ үлдээх гэж үү. Үгүй, би л лав чадахгүй. Эх дэлхийгээ хамгаалж халамжилж, эх хүн үр хүүхдээ өсгөж хамгаалдаг шиг хайрлан хамгаалах ёстой. Бид амжилтанд хүрч чадна. Урагшаа хүмүүсээ!!!

10 б ангийн сурагч Б.Маралмаа

Эх дэлхийгээ хайрлан хамгаалж, үр хойчдоо үлдээж өвлүүлж өгөхгүй бол тэд маань цөл, цөлжилт, гал түймэрт шатсан мод, хог, бохир ус, утаан дунд л үлдэнэ. Ингэхгүйн тулд эх орныхоо  төлөө тэмцэж хөдөлмөрлөх ёстой. Ядаж л хогийг саванд хийж, тог цахилгаанаа зохистой хэрэглэж, ой модоо огтлохгүй, гол усаа бохирлохгүй, монголдоо үйлдвэрлэж буй зүйлсийг хэрэглэж, бас дотооддоо, сумандаа үйлдвэрлэж баймаар байна. Бид бүгд эх орноо хойч үе үр хүүхдэдээ үлдээх өмч гэж бодох хэрэгтэй. Малыг өмч хөрөнгө гэж бодвол нэг л өвлийн зуданд яваад өгнө. Тийм болохоор эх дэлхийгээ, эх орноо хайрлацгаая. Өвөг дээдэс минь жилийн дулаан улиралд мах иддэггүй, байгаль орчноо онгон дагшинаар нь үлдээж өвлүүлж өгсөн билээ. Бид зун нь цагаан идээ, намар нь хүнсний ногоо идэж, цагаан хоолоор амьдарч болно шүү дээ. “Хэрэглэхийн, бас идэхийнхээ өмнө бид бодож тунгаах хэрэгтэй”.

Бид Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёдог бол одоо “цөлжилт” гэсэн зургаан үсэгтэй үгээр л гоёх үлдээд байна. Бидэнд тохиолдож байгаа асар том зүйл бол дэлхийн дулаарал. Дэлхийн дулаарлыг үүсгэж бий болгосон нь хүмүүс бид. Тийм болохоор болгож чадсан юм чинь хамгаалж бас чадна гэж бид хувьдаа бодож байна.

10а ангийн сурагч М.Түвшинжаргал

Хүн төрөлхтний оршин байх үндэс нь эх болсон байгаль дэлхийдээ эрүүл аюулгүй амьдрах явдал юм. Бид яагаад эх орны газар нутаг, уул, ус, горхи булгаа сүйтгэх ёстой гэж. Бидэнд хайр нэхэлгүй буян хишгээ хүртээж байна биш үү. Тэгтэл хариуд нь бид хайр найргүй модыг нь тайрч сүйтгэж байна. Ногоон хөгжил бол бидний төдийгүй бидний үр хүүхдийн ирээдүй юм. Бидний үлдээж буй хэзээ ч арилахааргүй ул мөр их байна. Жишээлбэл, голын усанд хог хаяж бохирдуулж, загас барьж байна. Мод, зүлэг ногоог тасдаж байна. Ан амьтныг ихээр агнаж байна. Үйлдвэрээс гарч буй утаа агаарыг бохирдуулж байна. Хавар, намар хуурайшилтын үед гал түймэр ихээр гарч байна. Уул уурхай ашиглаж газрыг сэндийлж сүйрүүлэн сүйтгэж байна. Эдгээрийг залруулж чадвал бид цөлжилтөөс ангижирч чадах болно. Газар бол улсын үндэс суурь мөн гэдэг. Тиймээс одооноос эхлээд эх орноо хайрлан хамгаалцгаая. Байгаль хүнгүйгээр амьдарч чадна. Харин хүн байгальгүйгээр амьдарч чадахгүй. Ногоон дэлхий болохын тул бид мод таръя, хог хаягдлаа цэвэрлэе, цахилгаан эрчим хүчээ гамная, нарны эх үүсвэртэй болъё, хорт хий гаргахгүй байя. Эдгээр зарчмуудыг л баримталж өөрсдийн хувь нэмрээ оруулах болно. Бид л хамтдаа эх орноо цөлжилтөөс хамгаалж чадна.

11а ангийн сурагч А.Булганчимэг

Бид амьдарч буй орчиндоо хэрхэн хандаж байна,эх дэлхий маань зөрүүлээд адилхан харьцана. Бид бүхэн Дэлхий ээжтэйгээ зөв зохистой харьцан амьдарч, ургамал, амьтдаа хайрлан хамгаалж амьдрах юм бол үеийн үед өвлөгдөж үлдэх учиртай. Одооноос амьдарч буй орчин нөхцөлдөө хүн бүр хичээх юм бол бид бүхэн ирээдүй үр хойчдоо сайхан газар нутгийг өвлүүлэх болно. Эх дэлхийгээ хайрлаагүйгээс болоод манай орны газар нутгийн ихэнх нь цөлжөөд байна. Мөн ой мод хомсдон, гол горхи, булаг шанд, нуур цөөрмүүд ширгэж байгаагийн гол буруутан нь хүмүүс бид л юм. Ингэсээр эх орон маань хүн, мал амьдрах аргагүй болоход хүрэхнээ. Эх дэлхийгээ хайрлан хамгаалахгүй юм бол дэлхий ээж маань хожмын нэгэн өдөр сөнөн үгүй болохыг ч бид хэлж мэдэхгүй. Хүн бүхэн нэгийг бодож эх дэлхийгээ, эх орноо гэсэн өөриймсөг үзэл бодолтой л байгаасай. Хүмүүс бид эх дэлхийтэйгээ холбоотой. Эх дэлхий байхгүй бол хүмүүн бид төрөхгүй, амьдрахгүй нь үнэн. Бид байгаль дэлхийгээ хайрлахгүй юм бол хойч үедээ элсэн хөрстэй, модгүй тал, усгүй сайрыг өвлүүлэхэд хүрэх нь байна. Өнөөдрөөс эхлэн хүн бүр эх дэлхийгээ гэсэн хайраар хандаж амьдрах юм бол бид бүгд, мөн бидний үр хүүхэд сайхан амьдарна.

Босоо бичигтэй Монгол хүмүүн та сонс
Эргээд нэг харах цаг болсон юм бишүү
Төрж өссөн газар нутаг тань
Элсэн цөл болон хувирч орхижээ.
Эх дэлхий таныгаа хайрлан хамгаалж
Энэхэн амьдрах насандаа мөнхөд дээдэлж явмуу би

 

11а ангийн сурагч Б.Түмэнжаргал

Хүмүүс түүхэн урт хугацааны туршид байгалиа шүтэн хайрлан хамгаалж ирсэн билээ. Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж, байгальтай харьцах үйл ажиллагаа нь ихэссэнээр байгалийн нөөц баялаг хомсдож, зарим нь бүр шавхагдаж байна. Хүн төрөлхтний хэрэглээнээс шалтгаалсан төрөл бүрийн хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаль орчныг ихээхэн бохирдуулж байна. Орчны бохирдол нь хүний эрүүл мэндэд шууд ба шууд бус байдлаар нөлөөлж байна. Байгалийн унаган төрх алдагдаж байна. Хүмүүс үйлдвэрлэл явуулж, аж ахуй эрхлэх үйл ажиллагаатай холбоотой бий болсон төрөл бүрийн хог хаягдал нь агаар, ус, хөрсөөр дамжин хүн, амьтдыг өвчлүүлдэг.

Дэлхийн олон оронд цөлжилтийн үйл явц нэмэгдэж байгаа нь ургамлын нөмрөг багасч, агаар хуурайшсан, уул уурхай нэмэгдсэнтэй холбоотой. Уул уурхай ашиглах явцад их хэмжээний хөрсийг хуулж улмаар агаарын тоосжилтнэмэгдэж, хөрсний бүтэц алдагддаг. Ой мод бэлтгэхдээ нөхөж мод суулгадаггүй учир модгүй нүцгэн уул үлдээж байгаа төдийгүй энэ нь гол, мөрний ус ширгэх шалтгаан болж байна. Тиймээс хэрэгцээндээ тааруулан мод аваад хариуд нь мод тарьцгаая.

Манай дэлхийн хуурай газрын 60 орчим хувь нь цэвэр цэнгэг усны хангамж муутай, дэлхийн хэмжээнд 1 тэрбум гаруй хүн ундны цэвэр усаар дутагдаж амьдардаг байна. Ус хамгаалах зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр” –ийг тэмдэглэдэг. НҮБ-аасс 2005-2015 оныг “Ус-амьдралын эх булаг” уриан дор олон улсын усны арван жил болгон зарлажээ.

Эх дэлхийнхээ төлөө дараах уриаг хамтдаа хэрэгжүүлцгээе.

  1. Махны хэрэглээг багасгая. Хүмүүс шууд гарч чадахгүй ч бага багаар махыг багасгаж болно. Эдийн засгийн хувьд ч хүнсний ногоо хэрэглэх нь хэмнэлттэй. Өөрийгөө бодсон  ч, өрөөл бусдыг бодсон ч махны хэрэглээг багасгаж байгалиа хамгаалцгаая.
  2. Аль болох өөрсдийн тарьсан ногоог хүнсэндээ хэрэглэцгээе.
  3. Цахилгаан эрчим хүчээ хэмнэе. Зурагтыг олон цагаар үзэх нь эрүүл мэндэд хортой. Тиймээс хэрэгтэй мэдээллээ аваад зурагтаа унтрааж байгаарай. Улайсах гэрлээс сүүн гэрэл нь цахилгаан бага зарцуулдаг тул сүүн гэрэл хэрэглэцгээе. Угаалгын машины хэрэглээг багасгаж хааяа ч гэсэн хувцасаа гараараа угааж байя.
  4. Гэрээ бүрэн дулаалж үүдэндээ амбаар хийж түлшээ хэмнэцгээе.
  5. Усаа гамтай хэрэглэе. Бороо, цасны усыг хэрэглэе.
  6. Гадна орчны хогоо тогтмол цэвэрлэцгээе. Хогоо заавал хогийн саванд хийж хэвшицгээе. Энэ бүхнийг хэрэгжүүлж чадвал та сайн сайхан амьдарч чадна.

Та байгалтай яаж харьцана, байгаль тантай тэгэж л харьцана.

 

10б ангийн сурагч И.Хулан

Эх дэлхий гэдэг бол бидний эцэг эхээс өөрцгүй юм. Хүмүүс эцэг, эхийгээ маш их хайрладаг шигээ эх дэлхийгээ ч бас тэгэж хайрлах учиртай. Байгаль дэлхий маань маш их, маш хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Хүний буруу үйл ажиллагаанаас болж амьтан, ургамал устаж, гол, горхи ширгэж, ган зуд болж, гал түймэр нүүрлэх зэрэг олон муу үзэгдэл болж байна. Бид бүхэн эх дэлхийгээ одооноос хайрлахгүй юм бол бидний ирээдүй гэгээлэг болохгүй. Орчиндоо хог хаях, мод огтолж хугалах гэх мэтээр бид болоод аав ээж маань ч гэсэн эх дэлхийдээ хор уршиг учруулж байдаг. Байгаль орчноо хамгаалахын тулд маш олон арга хэмжээ авч болно. Багш нар, эцэг эхчүүд, сурагчид хамтран зөвлөл байгуулж цэвэрхэн сайхан орчныг бүрдүүлж болно. Өнөөгийн нийгэмд хүмүүс байгаль орчноо хамгаалах талаар олон арга хэмжээ авч байгаа боловч зарим нэг хүмүүс эх дэлхийгээ сүйтгэж байна. Энэ бүхнийг зогсоох хэрэгтэй. Энэ сайхан байгальдаа үргэлж тайван амьдрахын тулд та бид өнөөдрөөс эхлэн гараа сунгах хэрэгтэй. Хөөрхөн бяцхан хүүхдүүдийн ирээдүй, Монгол орныхоо ирээдүйн төлөө та бид хамтран эх дэлхийгээ хайрлацгаая.

 




Bookmark and Share

Үйл явдал


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Сургалт




Бүгд ›