ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААН-ҮҮР СУМЫН СУРГУУЛИАС ШАЛГАРСАН ЗОХИОН БИЧЛЭГҮҮД


Байгаль орчны боловсролыг дэмжих жил

 

“Эх дэлхий, эх орны минь ирээдүй биднээс хамаарна”,

“Ногоон хөгжил бидний ирээдүй” сэдэвт зохион бичлэгийн

уралдаанд шалгарсан бүтээлүүд

4а ангийн сурагч П.Нарансолонго

Өчүүхэн жижиг хүслээ дарж

Өрөөл бусдыг уриалан дуудаж

Өөрийн муу заншлаа өөрчилж

Өрх гэрээрээ эх дэлхийгээ аваръя.

Эх дэлхийгээ, эх орноо хамгаалахад хүн бүхний зөв хандлага хэрэгтэй. Мод, жимс, ногоо тарьж, ус, горхи, нуураа цэвэрлэж, амттан болгоныг идэлгүй зөв хооллож амьдарна, юухныг болов ариг гамтай хэрэглэнэ. Эх орондоо ээлтэй, эрүүл чийрэг, зөв хүн болно би.

Эх дэлхийгээ аврахын тулд бид бүгдээрээ хамдаа энэ бүгдийг хийг ёстой. Өнөөдрөөс эхлэн би өөрийгөө өөрчилнө.

 

 

11б ангийн сурагч Ж.Гантөгс

 

 

 Эрт цагаас байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалж, шүтэж амьдарсан хүмүүн төрөлхтөн юуг ч сүйтгэлгүй, туйлбаргүй аашлалгүй, гашуун нулимстай хоцролгүй амьдарч ирсэн юм. Наранд нь дулаацаж, сар нь хүртэл амьдрал бэлэглэсэн агаар мандлын цэнхэр гаригийнхаа насыг хороож хандах нь юуны учир вэ?

Цэвэр цэнгэг ус маань хэрхэн бохирдсоныг та бид мэдэх юм. Энэ бүхэн та бидний хийж буй энгийн алхамаас үүдэлтэй. Үүнийг харсаар суух уу? Хайрлаж эхлэх үү?

Дэлхийн жин хорогдсоор, хүний тоо нэмэгдсээр одоо бидэнд 2 дэлхий хэрэгтэй болжээ. Монголчууд бид Ерөнхийлөгчийн санаачлагаар мод тарих өдрийг бий болгоод багагүй хугацаа өнгөрч байна. Иймэрхүү зохион байгуулалттай ажил ихсээд байвал байгаль дэлхийгээ өөд татахад хувь нэмэр болох юм. Иргэн хүний үүрэг хариуцлага, өөртөө тавих шаардлага маш чухал гэж би бодож байна. Хүн бүр мод тарьж ургуулж, машин техникээ багасгаж, хоггүй орчин бий болговол цэнхэр гаригийн маань нас олон сая жилээр уртсах болно. Бас өөр нэг том зорилго бий. Их багш Чин Хайн дэлхий нийтээрээ цагаан хоолтон болцгооё гэсэн үг санагдаж байна. Монголчууд бид тэжээж буй амьтдаа, өөрөөр хэлбэл таван хошуу малаа идэш болгон ашигладаг. Дэлхий нийтээр цагаан хоолны аян өрнөж буй энэ цагт малаа идэж буй энэ хүмүүс зовхиндоо нулимстай байдаг байх гэсэн бодол миний толгойд эргэлдэнэ. Ан амьтан ховордож байгаа энэ нийгэмд бид санаашрахаас аргагүй. Амьтны амь хөнөөх нь нарны аймгийн тэр гаригийг нэг насаар богиносгож байгаатай адил болой. Дээр үеэс өвгөд хөгшид маань өвлүүлж өгсөн уудам гарагаа сүйтгэхийг нь сүйтгэж, усыг нь бохирдуулснаараа хүмүүн бид ичгүүртэй. Ингээд би “Гэрэлт орчлон” хэмээх шүлэг бичлээ. Үүнийг уншаад нэгийг бодож, хоёрыг тунгааж буй бүх хүмүүст би баярлаж байна. Эх дэлхий маань үүрд гэгээлэг байгаасай.

Гэрэлт орчлон

Агаар мандлын цэнхэр дэлхий

Аглагхан ойн бяцхан гөрөөс

Аугаа сая сая жилийн настай

Алтан дэлхий - гэрэлт орчлон минь

Хүнийх биш миний дэлхий

Хүсэл мөрөөдлийн цэнхэр дэлхий

Хат суусан сэтгэлийн тэнхээтэй

Халамж энэрэлт хайрт гараг минь

Ургах нарны уухисах цацрагт

Урам хайрласан эх дэлхий минь

Элгэндээ бүүвэйлсэн ээжийн мутар адил

Энгүй ачтан гэрэлт орчлон минь

Итгэл сэтгэлийн гэрэлт харгуй

Ирээдүй бэлэглэсэн эрхэм ачтан

Идэр насанд минь амьдрал хайрласан

Энх мөнхийн гэрэлт орчлон

Нар, сар, од, хөх тэнгэр, задгай салхи

Нас буян, заяа тавилан, энэрэл нигүүсэл

Санаа л зөв бол үл алзах, үл ажрах

Сайхан бүхэн бялхсан гэрэлт орчлон

Энэ шүлгийг бичиж суухдаа би өөрийн эрхгүй нулимас унагалаа.

Эх дэлхийгээ аврахсан гэх ухаарал, баяр баясал олж авч билээ. Газрын зургаас харахад алга дарам мэт харагддаг энэ хуурай газар, бас агаар, усаа хайрлая. Хайрлахын тулд цөмөөрөө ярилцъя, саная, бүтээе, хийе.

Эх дэлхий, эх орны минь ирээдүй биднээс л хамаарна!   

 

11б ангийн сурагч Ч.Мөнх-Эрдэнэ

Мандах нарны цацрах туяа, магнаг хөх тэнгэр, уул ус, бүхий л зүйл нь тэгширсэн, алс бөглүү  ч гэсэн энэ нутагт амьдарч байгаадаа бахархаж явдаг. Эцэг эх,  ах дүү, эмээ өвөө, хамаатан садныхаа хайранд өлгийдүүлсээр нэг л мэдэхэд сургууль гэдэг эрдмийн өргөөнд хөл тавиад өдгөө 11 жилийн нүүр үзлээ. Бяцхан ухаан минь бойжин тэлсээр. Экологийн боловсрол олгох сургалтанд суугаад сэтгэл зүрх минь нэг л зүйлд санаашрах, бас гуниглан бодох, эргэцүүлэн ухаарах, энэ бүхэн ээлжлэн байна. Би-Бид нар л эх болсон дэлхийгээ хайрлан хамгаалж хойч үедээ үлдээх, авран хамгаалахгүй юм бол   аюулын харанга гадаа дэлдэхийг улам их мэдэрлээ. Өвгөд минь булаг шандаас эхлээд нутгийнхаа юм бүхнийг амь шигээ хайрлаж байсны учрыг би олох шиг боллоо. Өнөөдрийн өнгө төрх үнэхээр аймаар. Хот суурины өнгө нь үл мэдэгдэх бараан хар тэнгэр, амьсгалахад нэн бэрх агаар, эргэн тойронд хаашаа л харна архины хагарсан лонх, гялгар уут, чихрийн өнгө алагласан цаас, өшөө цааш  нь ургуулан бодвол төрийн өндөрлөг, дарга, сайд нар нь өнгө мөнгөнөөс өөрийг бодох ухаангүй мэт хаа сайгүй эх орныхоо онгон байгалийг сүйтгэж, сүйтгүүлсээр байгаад үнэхээр хэлэх үг олдохгүй юм.

Эх дэлхий эргэж тооцоо бодож байх шиг. Тухайлбал, японы цунами, хятадын газар хөдлөлт, америк, австралийн гал түймэр, энэ мэт элдэв янзын байгалийн гамшиг нэгийг хэлээд байх шиг.

Эх дэлхийн хүмүүн заяатнууд минь ээ. Дэлхий ээжийг ийм болгосон эзэн нь хүн та бид шүү дээ. Эх болсон байгалиа эдгээж анагаах аянд бүгд нас, хүйс, арьс өнгө, үндэстнээрээ нэгдэн, ногоон дэлхийгээ урт удаан эрүүл саруул байлгахын төлөө зүтгэе. Ингэж гэмээ нь та бид, бидний хойч үе аз жаргалтай байх болно.

 

6a ангийн сурагч Б.Төмөрчөдөр

Эх болсон байгаль дэлхийн аугаа их сүр хүч, гоо сайханд бахархан сөгднөм. Хүн төрөлхтнийг хөрсөндөө тэжээж, тээж төрүүлээд, тэтгэж өсгөөд, хөрсөндөө нойрсуулан шингээдэг тань нэн их ачлалтай. Ариун дагшин байгаль эх таньдаа хүмүүн бид ямар муу хандах болсныг харах үзэх, сонсох, бодох тусам би зүрх сэтгэлээсээ гэмшиж байна.

Шунал хүслийн их мунхаглалд өртсөн хүүхдүүд тань хөрс, шороо, эрдэс баялагийг тань сэндийчин, хорт бодис, хог шороогоор бохирдуулж байгаа нь нэн харамсалтай. Хүн эхийгээ гомдоовол жаргадаггүй гэдэг дээ. Хүн төрөлхтөн өөрсдөө сүйрлээ дуудаж байна. Зогсооцгоо!!!

Хүн төрөлхтөн минь эх дэлхий ногоон байгальтайгаа зөв харьцаж, хойч үедээ амьдрал аз жаргал бэлэглэе. Хог байвал цэвэрлэж, ахиад юу ч хаяхгүй байя. Ногоон ой, нялх ногоо, цэнхэр тэнгэр, цэцэгт нугыг хайрлан хамгаалъя. Усны шувууд, уулын буга, ургамал, амьтан бүгдийг хайрлан хамгаалъя, найзууд аа. Хажуудаа байгаа Баянгол, Үүрийн гол, урд Цэгцэр уул, Хойд Өлзийт хайрханаа, ой модоо хайрлан хамгаалахаас би эхэлье. Та нар намайг дагаарай. Бүгдээрээ нэгдэе. Хамаг монгол нэгдэгтүн.

Хүж дэлхий нэгдье. Их дэлхийн ирээдүй надаас, бас чамаас хамааралтай шүү найзууд аа.

 

10а ангийн сурагч Г.Гантогтох

Бидний амьдрах орчин, агаар, ус бүх зүйл эх дэлхийн минь өглөг. Дэлхий байгаагүйсэн бол хүн гэдэг бодьгал энэ хорвоод бий болохгүй байсан байх. Сайхан амьдрахыг хүсвэл эх дэлхийгээ хайрлаж экологийн ул мөрөө багасгах ёстой. Та экологийн ул мөр гэж юу юм бол гэж бодож байгаа байх. Хүний амьдралын бүхий л хэрэглээ нь байгаль орчинд ямар нэг ул мөр үлдээдэг. Үүнийг л экологийн ул мөр гэнэ. Жишээ нь ус, хүнс, түлш гэхчилэн бидний гараас унасан, хэрэглэсэн бүхэн хог болж үлддэг. Хүмүүс модыг хайр найргүй тайрч, хог цаас, элдэв бохир зүйлээр ус хөрсийг бохирдуулж байна. Үүний гайгаар байгаль эхийн өгөөж захаасаа үгүй болж байна. Бидний идэж ууж байгаа болгоны үлдэгдэл, хог цаас бүхэн бидний экологийн ул мөр болно. Экологийн ул мөр том байх тусам байгаль дэлхийдээ төдий их дарамт үзүүлж байна гэсэн үг.

Хэрэглээнийхээ сонголтыг байгаль орчиндоо ээлтэй байхаар хийх нь маш чухал болохыг эндээс харж болно. Бидний хамгийн ойрын хэрэглэдэг нэг тонн цаасыг гэхэд л 17 модноос гаргаж авдаг. Иймд бид мод, ус, газар шороогоо хайрлах ёстой. Монгол орны бэлчээрийн ургамлын 87% нь малын хөлөөр талхлагдаж нөхөн сэргэхгүй болсон байна. Иймд малаа бодолцох хэрэгтэй. Хүн бүр өөрийн экологийн ул мөр, амьдралынхаа чанарыг үнэлж, эх дэлхийдээ хэр ээлтэй амьдарч буйгаа ухаарах нь юу юунаас чухал юм.

 

9б ангийн сурагч Б.Ариунтуяа

Манай дэлхийн хуурай газрын талыг бүрхэж байсан ойд модны дөнгөж ¼ үлдээд байгаа энэ цаг үед ойгоо хайрлаж хамгаалахгүй бол дэлхий маань цөл болж, хүн гээч амьтан устаж, энэ дэлхий халуун нурам болоход ойрхон байна. Мод тарьж, банз модоор хашаа барихыг зогсоож, зөвхөн авч хэрэглэдэг байсан та одоо эргээж өгдөг, эх дэлхийгээ хайрладаг хүн болж хайрла. Дулаарал хаанаас үүснэ вэ? Хүн мах идсэнээр хүлэмжийн хий маш ихээр ялгарна. Хүлэмжийн хийг ихээр ялгаруулж байгаа малаа цөөлж хүлэмжийн хийг багасган хүнсний ногоо хэрэглэцгээе!!!

Хүн бидний амьд оршиход агаар, ус, газар дэлхий л хэрэгтэй. Тийм ээ, хүмүүс ээ. Мод бол түлш биш амьдрал, ус бол бидний хайр гамгүй хэрэглэдэг шингэн биш харин амьд орчин. Эх болсон байгалиа хамгаалж, экологийн ул мөрөө багасгацгаая хүмүүс ээ.

 

8а ангийн сурагч Б.Удвал

Хүүхэд бид багаасаа л дэлхий болон Монгол нутгийнхаа байгаль орчинд санаа тавьж дээдлэн хүндлэх ёстой. Эх орон, эх дэлхий маань байхгүй бол юу ч оршин тогтнох боломжгүй юм. Бид дэлхийн уушиг болсон модоор том байшин барьж байна. Дэлхий байхгүй бол тэр гоёмсог сайхан байшин, хэдэн тэрбум доллар хүртэл ямар ч үнэ цэнгүй хэрэггүй зүйл болж хувирна. Бид дэлхий дээр оршин тогтнож буй нь жирийн хэрэг биш. Дэлхийн хүмүүс энэ бүхнийг ухаарахгүй, удаан тоомжиргүй яваад байвал та өөрөө ч, таны аав ээж, үр хүүхэд ч, энэ дэлхийн бүх зүйл ч устаж, хүн амьтан амьдран оршин тогтнох боломжгүй болно. Одоо дэлхийгээ, эх орноо бүр ч их хайрлах хэрэгтэй болоод байна. Ядаж өөрийгөө, аав ээжийгээ, үр хүүхдээ бод. Энэ бүхэн бяцхан зүйлээс хамаарна. Та хогоо хогийн саванд хаяхаас л эхэлнэ. Танд их олон зүйл хэрэггүй. Танаас гарсан хог хаягдлыг тань л жаахан өөрчлөхөд үнэт зүйл болж хувирна. Хог хаядлаар гоё зүйл хийж болно. Баян хүүхдийн брэндийн бүтээгдэхүүнийг шохоорхдог байсан бол одоо тэгэх хэрэггүй. Өөрөө тэрнээс гоёыг үнэгүй хийж болно. Тиймээс хэмнэж, тарьж, ургуулж, хайрлаж амьдрах хэрэгтэй болж байна. Тэгэхийн тулд таны дэлхийг, эх орноо хайрлах өчүүхэн сэтгэл байхад л хангалттай. Бүх сэтгэлээ зориулчихвал та бид сайн сайхан амьдрах болно.

 

11a ангийн сурагч Б.Мөнхшүр

Ертөнцийн хамгийн төгс бүтээл бол хүмүүн бид. Харамсалтай нь хүний буруутай үйл ажиллагааны уршгаар эх дэлхий маань орших, эс оршихын заагт тулж ирээд байна. Байгалийн баялаг шавхагдашгүй, дуусашгүй, дэлхий ертөнц хязгааргүй мэтээр ойлгож, зөвхөн өнөөдрөөр сэтгэж, эд баялаг, эрх мэдэлд хөтлөгдөн хангалуун амьдралын хэв маяг, үрэлгэн хэрэглээ газар авсаар байгаа нь туйлын харамсалтай. Гэтэл өвөг дээдэс маань уул овооны чулууг хөндөхгүй, булаг шандны эхийг бохирлохгүй, гол усанд сүү, улай, хир буртаг хүргэхгүй, тэр ч бүүхэл нүүдлийн амьдралаар амьдрахдаа нүүж буусны ул мөрөө ч үлдээлгүй амьдарч ирсэн. Мөн өвлөөс бусад цагт махан хоолыг хязгаарлаж, сүү цагаан идээгээ түлхүү хэрэглэхээс гадна зарим үед мацаг хүртэл барьдаг байсан нь өнгөц харахад хувь хүний эрүүл мэнддээ санаа тавьсан асуудал мэт боловч цаашлаад харвал өнөөгийн тулгамдаад байгаа асуудлыг өвөг дээдэс маань аль эрт ухамсарласан хэрэг байжээ. Монголчууд бид дуслыг хураавал далай гэлцдэг. Иймээс улс орон, гэр бүл, хувь хүн бүр үүрэг хүлээж амьдарвал эх орноо, эх дэлхийгээ аварч хамгаалахад оруулах томоохон хувь нэмэр болно. Тухайлбал, улс орны зүгээс сэргээгдэх эрчим хүч, хэмнэлттэй гэрэлтүүлэг, цахилгаан хэрэгсэл ашиглах, био хүнсний үйлдвэрийг дэмжих, шинээр баригдаж байгаа барилга байшинг дулаан алдагдал багатай барих гэх мэт арга хэмжээг авч болно. Харин гэр бүл, хувь хүний зүгээс цахилгаан бага зарцуулдаг төхөөрөмж сонгон хэрэглэх, хогийг ангилж хэвших, гялгар тор биш даавуун тор хэрэглэх, явган болон дугуйгаар явах гэх мэт энгийн зүйлүүдийг амьдралдаа хэвшил болговол экологийн ул мөрийг багасгахад та бидний оруулж буй бага ч гэсэн хувь нэмэр юм шүү. Хүүхдүүд ээ, та нар ч гэсэн багаасаа амьдралын зөв дадалтай иргэн болж хүмүүжихийн тулд энэ бүгдийг бодолцоорой...

Хүн төрөлхтөн, байгаль эх бидэнд хайрыг өгч буй учир бүгдээрээ байгаль эхдээ хайраа өгцгөөе!

 

9б ангийн сурагч Ц.Батхолбоо

Бидний өвөг дээдэс эх орноо аюул бүгдээс хамгаалж ирсэн. Жишээлбэл, гал түймэр, модны хулгай, гол ус бохирдуулах, амьтны амь таслах зэргийг цээрлэж байгалиа хамгаалж байсан. Эх дэлхий минь одоогийн бидний энэ их буруу үйлийг тэвчиж чадахгүй шүү дээ. Бид өвөг дээдсийн өв залгамжлуулсан бүгдийг зөрчиж, хүмүүс залхүү болж, эх дэлхийгээ, эх орноо яаж зовж байгааг мэдэхгүй байна. Бид ёс заншлаа сэргээж, байгаль дэлхийдээ хар ур мөр үлдээхгүй зөв бодож, дэлхий ээжийн нулимсыг асгаруулахгүй байхсан. Хүмүүс бид яах ёстойг өрөөсөө асуу. Миний хувьд хүнсний ногоо хэрэглэж, хог хаягдлыг багасгаж, усаа гамнаж, мод тарьж, ан амьтныг хайрлах болно. Та нарт хэлэхэд бид яаж хичээнэ, байгаль дэлхий маань төдий чинээ хурдан сэргэнэ. Миний сэтгэлдээ тээж явдаг уриа бол: амьдралын хэв маягаа өөрчилье!!! Дадал зуршлаа өөрчилье!!! Мод бол амьд орчин!!!

 

10а ангийн сурагч Ё.Баасанбат

Бид ямарваа нэгэн үйлдэл хийхдээ заавал орчиндоо ул мөрөө үлдээж явдаг. Жишээ нь, бид чихэр жимс идээд цаас, хальсыг нь хог болгоод газар хаа сайгүй хаядаг. Энэ нь бас л байгаль экологид ул мөрөө үлдээж байна гэсэн үг юм. Чихрийн цаас нь газар дээр маш олон жил хадгалагддаг гэсэн судалгаа байдаг. Хүмүүсийн донтож уусан архины шил нь 1 сая жил устаж үгүй бололгүй газар дэлхийг буртаглаж хэвтдэг аж. Энэ нь бидний амьдрах орчинг бохирдуулж экологид маш том ул мөр үлдээдэг. Хүмүүс ийм харамсалтай хар ул мөр үлдээж байгаагаа огт мэддэггүй.

Мөн хүмүүс байгаль эхдээ хэзээ ч талархаж үзээгүй. Усыг нь авчаад голыг нь бохирлодог. Мод тайрж авчихаад хэзээ ч ахиж мод тарьдаггүй. Хогийг нь цэвэрлэж чаддаггүй юмаа гэхэд ядаж баярлалаа гээд хэлчихэж бай л даа. Мөн модыг, усыг гамтай ашиглаж сурах нь экологийнхоо мөрөө бага ч болтугай багасгаж байна гэж бодоорой. Хүний шунахай, хувиа хичээсэн байдлаас болж бид чинь ирээдүйдээ үлдээх юу ч үгүй болоод байна. Одоо л бид өөрчлөхгүй юм бол хэзээ ч өөрчилж чадахгүй. Өөрчилье гэвэл хог хаяхаа багасгаж , ундны усаа ариг гамтай хэрэглэж, түлшиндээ унасан мод гишүү, аргал, үртэс түлэх хэрэгтэй. Ингэж бид амьдралаа шийдэж чадвал хогны ул мөрийг устган үгүй болгож чадна. Ирээдүй маань ч гэрэлтэнэ шүү дээ. Экологийн ул мөрөө багасгахын тулд идэхийнхээ, хийхийнхээ, худалдан авахынхаа өмнө бодож сэтгэж байя.

 

8б ангийн сурагч Г.Нарантунгалаг

Миний эх орон сайхан орон. Энэ сайхан эх орноо хамгаалж сурах хэрэгтэй. Ус чандмань эрдэнэ гэдэг шүү дээ. Ус, ургамалаа хайрлаж хамгаалцгаая. Яагаад гэвэл бид бүгдэд дэлхий ээж минь бүгдийг өгдөг шүү дээ. Харин бид баярлалаа ч гэж хэлдэггүй. Байгаль дэлхийдээ талархдаггүй хүн гэдэг чинь араатан амьтнаас долоон дор байна. Хүмүүс газар дэлхийгээ байтугай үр хүүхэд биднийгээ ч олигтойхон хайрлахгүй байна. Цаасыг ч хүртэл гамнах хэрэгтэй. Яагаад гэвэл цаасыг модоор хийдэг. Цаас хэмнэх юм бол нэг ч гэсэн мод байгальдаа үлдэнэ шүү дээ. Нэг мод авсан бол эргээж нэгийг тарь, ядаж баярлалаа гэж хэлж бай. Үнэн сэтгэлээсээ хэлсэн тэр үгийг чинь байгаль дэлхий сонсож л байгаа. Хог бүү хая. Тэр хог чинь ногоон дэлхийг минь бохирдуулж байгаа. Хүмүүс ээ, хүүхдүүд ээ, эх болсон байгалиа хайрлан хамгаалцгаая. Бүгдээрээ хичээцгээе. 




Bookmark and Share

Үйл явдал


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (1 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Сургалт




Бүгд ›