Пробиотик хүнс гэж юу вэ?


Бие махбодийн эрүүл мэндийг дэмждэг бичил биетнийг пробиотик гэнэ. ДЭМБ, ДХХААБ-аас тодорхойлсноор пробиотик нь “Бие махбодийг эрүүлжүүлэхэд хүрэлцэх хэмжээгээр хэрэглэж буй амьд бичил биетэн юм” (FAO & WHO report, 2001). Сүүн хүчлийн бактер болон бифидобактер нь түгээмэл хэрэглэгддэг пробиотикууд юм. Түүнчилэн зарим дрожж, Lactobacillus зэргийг энэ зорилгоор хэрэглэдэг. Пробиотикууд нь өсгөвөр нэмж бэлтгэдэг эсэг хүнсний бүтээгдэхүүний нэг хэсэг болдог. Жишээ нь айраг, тараг, бяслаг болон шар буурцгийн эсэг бүтээгдэхүүнийг нэрлэж болно.

Био-сүүн бүтээгдхүүнийг олон төрлийн микробын хөрөнгийн үндсэн дээр гарган авдаг ба энэ тохиолдолд зөвхөн бичил биетүүд төдийгүй тэдгээрийн амьдрах явцдаа үйлдвэрлэн /стнтезлэн/ ялгаруулж буй бүтээгдхүүнүүд нь өөр өөрийн үүрэгтэй бөгөөд энэ нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа дисбактериозоос сэргийлэх ач тустай юм /Л.В.Драчев, 2001/.

Дисбактериоз буюу гэдэсний микрофлорын бүтэц өөрчлөгдөж эмгэг үүсгэгч, ялзруулагч микробууд гэдсэнд давамгайлахыг хэлэх бөгөөд энэ тохиолдолд эдгээр микробууд нь  хортой бодис ялгаруулж эхэлдэг. Ийнхүү нэгэнт хэвийн бүтцээ сэргээж чадахгүй, нэг үгээр цөөнх болсон ашигтай микробууд тэдгээр эмгэг үүсгэгч, ялзруулагч микроб, вирусуудыг сөрж зогсох чадваргүй болдог. Ийм байдлаар өвчний 85-90% нь дисбактериозоос үүдэлтэй, чухамхүү чихрийн шижин, цагаан мөгөөрсөн хоолойн багтраа, харшил, бүдүүн гэдэсний хавдар, таргалалт болон соёлжилтын гэгдэх олон өвчний анхдагч шалтгаан нь дисбатериоз юм /В.Д.Харитонов, А.Г.Храмцов, И.А.Евдокимов, 2002/.

Сүүлийн үед пробиотикийг бие махбодийн дархлаа сайжруулах, хавдраас урьдчилан сэргийлэх үйлчлэлийн талаар эрчимтэй судлаж байна.  Пробиотикийг гэдэсний архаг үрэвсэл (Mach, 2006), суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэхэд (Yan, Polk нар 2006), шээс бэлгийн замын халдвар (Reid, 2008), харшил (Vanderhoof, 2008) зэрэг өвчний эмчилгээнд үр дүнтэй хэрэглэж байгаа талаар судлаачид тэмдэглэжээ.

Сүүн хүчлийн бактер нь сүүний лактозыг задалдаг тул лактоз шингээх чадвар дутмаг хүмүүс хэрэглэх нь тохиромжтой (Sanders, 2000). Лабораторийн шинжилгээгээр сүүн хүчлийн Lactobacillus bulgaricus бактерын цэвэр өсгөвөр нь махыг чанах үед үүсдэг, хорт хавдар үүсгэгч нэгдэл гетероцикльт аминуудтай холбогдож хоргүйжүүлэх үйлчлэл үзүүлдэг болох нь нотолжээ. Туршилтын амьтад дээр хийсэн судалгаагаар энэ сүүн хүчлийн бактер нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг болох нь тогтоогдсон (Wollowski, 2001) бөгөөд эсэг цагаан идээ хэрэглэдэг хүмүүсийн дунд бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэл бага байдаг болохыг судлаачид ажиглажээ (Sanders, 2000).

Амьтан дээр хийсэн туршилтаар сүүн хүчлийн бактерийн өсгөвөр нь цусны холестеролын түвшинг бууруулах, даралт тогтворжуулах үйлчлэлтэй нь тогтоогджээ (Sanders, 2000). Сүүн хүчлийн бактер нь цусан дахь иммунноглобулин уургийн хэмжээг нэмэгдүүлэх замаар бие махбодийн дархлааг сайжруулж халдварт өвчинд өртөх эрсдэлийн бууруулж, хүүхдийн шүд хорхойтохоос урьдчилан сэргийлдэг (Näse, 2001). Сүүн хүчлийн бактерыг хеликобактерийн халдварын эмчилгээнд өргөн хэрэглэдэг (Hamilton-Miller, 2003). Пробиотик нь эрдэс бодисын биед шингэх шингэцийг нэмэгдүүлэх тул бичил шимт бодисын дутлаас урьдчилан сэргийлэх ач тустай.   

Эх үүсвэр

  1. Report of a Joint / Food and Agriculture Organization (FAO) of the United Nations, World Health (WHO) Expert Consultation."Health and Nutritional Properties of Probiotics in Food including Powder Milk with Live Lactic Acid Bacteria". 2001
  2. Metchnikoff, E. 1907. Essais optimistes. Paris. The prolongation of life. Optimistic studies. Translated and edited by P. Chalmers Mitchell. London: Heinemann, 1907.
  3. Mach T (2006). "Clinical usefulness of probiotics in inflammatory bowel diseases". Journal of Physiology and Pharmacology : an Official Journal of the Polish Physiological Society 57 Suppl 9: 23–33.
  4. Yan F, Polk DB (2006). "Probiotics as functional food in the treatment of diarrhea". Current Opinion in Clinical Nutrition and Metabolic Care 9 (6): 717–21.
  5. Reid G (2008). "Probiotic Lactobacilli for urogenital health in women". J. Clin. Gastroenterol. 42 (Suppl 3 Pt 2): S234–6.
  6. Vanderhoof JA (2008). "Probiotics in allergy management". Journal of Pediatric Gastroenterology and Nutrition 47 Suppl 2: S38–40.
  7. Sanders ME (2000). "Considerations for use of probiotic bacteria to modulate human health". The Journal of Nutrition 130 (2S Suppl): 384S–390S.
  8. Wollowski I, Rechkemmer G, Pool-Zobel BL (2001). "Protective role of probiotics and prebiotics in colon cancer". The American Journal of Clinical Nutrition 73 (2 Suppl): 451S–455S 



Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх