Улаанбаатарын мэдээ сонины сурвалжлагч Отгонбаярын ургамлын гаралтай хоол хүнсний талаар хийсэн сурвалжлага


Зөвхөн зун ч биш, өвлөөс бусад улиралд монголчууд цагаан идээгээр хооллодог байсан

Мах идсэнээрээ амьтны үхэхдээ хураасан сөрөг энергийг өөртөө авч байна гэсэн үг

 ("Улаанбаатарын мэдээ" сонины сурвалжлагч Отгонбаяр "VEG" Сургалтын төвийн захирал Н.Оюундарьтай хийсэн ярилцлага) 

-Танай байгууллагын нэр хоол хүнстэй холбоотой ч юм шиг бас нөгөө талаасаа байгаль орчных ч юм шиг өвөрмөц юм?

-Бидний өдөр тутам хэрэглэж байгаа хоол, хүнс байгаль орчин хоёр салшгүй холбоотой гэдгийг л хэлээд байгаа юм. Бидний амьдарч байгаа дэлхий ертөнц олон асуудлын өмнө тулгараад байна. Дэлхийн дулаарлын улмаас туйлуудын мөс хайлж, цөлжилт нэмэгдэж, цэвэр усны нөөц хомсдож, байгалийн төрөл зүйлүүд устаж үгүй болж байна. Хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа эдгээр асуудлуудыг шийдэх арга замыг судлаач эрдэмтэд олон жилийн турш судалсаар, эрж хайсаар ирсэн. Сүүлийн үед олон эрдэмтэд, олон талын мэргэжлийн хүмүүс нэг зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Тэр нь цагаан хоол буюу ургамлын гаралтай хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх.

Махны хэрэглээг багасган цагаан хоол хэрэглэх нь байгаль орчин хамгаалах нэг арга зам гэдгийг одоо дэлхийн улс орнуудын удирдагчид хүртэл уриалж эхэлж байна. “Хэрвээ та байгаль орчныг хамгаалъя гэж байгаа бол цагаан хоол хэрэглэ” гэж байгаль хамгаалагчдад хандан уриалж интернетээр хэлэлцүүлэг явуулж байх жишээтэй.

Дэлхий даяар өрнөж байгаа эх дэлхийгээ аврах үйлсэд нэгдэж Монголд цагаан хоолны хэрэглээг сэргээн хөгжүүлэх зорилготойгоор бид “Цагаан хоол-ногоон гариг” ТББ-ыг байгуулсан юм.

-Монголд цагаан хоолны хэрэглээг сэргээнэ гэлээ. Энэ талаараа тодруулна уу?

-Монголчуудын уламжлалыг харах юм бол бид цагаан хоолтой ард түмэн байсан. Зуны цагт сүү цагаан идээгээр хооллон “гэдсээ цайлгадаг” байсан гэж ярьдаг шүү дээ. Яг нарийн судлаад үзэх юм бол, зөвхөн зун ч биш, өвлөөс бусад улиралд цагаан идээгээр хооллодог байсан. Монголчуудын махгүй хоолны уламжлал нь сүү цагаан идээнд суурилсан байх тул “цагаан хоол” гэж нэрлэж заншсан. Тиймээс цагаан хоолны уламжлалыг сэргээж, хэрэглээг нэмэгдүүлэхэд нь хүмүүст туслах, ингэснээр эх дэлхийнхээ болон Монгол орныхоо байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулъя  гэж бид зорьж байгаа юм.

-Танайх үйл ажиллагаа явуулаад удаж байна уу?

-2008 онд байгуулагдсан. Жил гаруйн хугацаанд багагүй ажил амжууллаа. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын анхдугаар зөвлөлгөөнд оролцож, “Байгаль хамгаалагчдаа! Үнэхээр та бүхэн байгаль хамгаалах гэж байгаа бол цагаан хоол хэрэглээч ээ” гэж уриалсан. Цөөнгүй байгаль хамгаалагч бидэнтэй нэгдэж, цагаан хоол хэрэглэдэг болсонд баяртай байгаа. 

-Монголчууд сүү цагаан идээг цагаан хоол гэж ойлгодог. Гэтэл заримдаа сүү маань цагаан хоол биш ч юм болоод явчих юм. Цагаан хоол гэж юуг хэлээд байгааг тодорхойлбол?

-Амьтны амь хөнөөж бэлтгээгүй, мах өндөгнөөс гаргаж авдаг хүнсний нэмэлт зүйл найрлагад нь ороогүй хоол хүнсийг цэвэр цагаан хоол гэнэ. Товчхондоо ургамал түлхүү хэрэглэх гэсэн үг. Ургамал дээр суурилсан хоол хүнс хүний эрүүл мэндэд онцгой тустай. Хүний бие махбодыг био-үйлдвэр гэж үзвэл жинхэнэ зориулалтын “түлш” нь ургамал. Мах нь хүний биед зохимжтой хүнс биш гэдгийн эрдэмтэд нотлоод байгаа. Махны хэрэглээтэй холбоотой үүсдэг маш олон өвчин эмгэг байдаг. Бидний хүнс зохимжтой байвал бие эрүүл байна гэсэн үг. Ургамлын гаралтай хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх нь хувь хүний эрүүл мэнд, эдийн засаг болон оюун санааны хөгжилд ихээхэн ач тустай.

-Цагаан хоолтон болон мах хэрэглэдэг хоёр хүний эрүүл мэндийг харьцуулбал, ямар дүр зурах гарах вэ?

-Зөв зохицуулсан цагаан хоол нь эрүүл тэжээллэг төдийгүй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний ач тустай нь шинжлэх ухаанаар нэгэнт нотлогдсон зүйл. Цагаан хоол тогтмол хэрэглэх нь илүүдэл жинг багасгана. Цусанд өөх хуримтлагдахаас сэргийлнэ. Зүрх судасны эмгэг, цус харвалтын эмгэгийг 27-42 хувиар бууруулж, даралтыг тогтворжуулна. Хорт хавдар, ясны сийрэгжилт, бөөрний өвчин, чихрийнгээр өвдөх эрсдэлийг  багасна. Үүний нөгөө талд мах хэрэглэдэг хүмүүс энэ бүх өвчнөөр өвдсөн болон өвдөх магадлал илүү байна гэсэн үг.

-Сүүлийн үед нийслэлд цагаан хоолны гуанз, ресторан нэмэгдсэн нь анзаарагдах болсон. Хүмүүс цагаан хоолны ач тусыг ойлгодог болж байна гэсэн үг үү?

-Хэдхэн жилийн өмнө Улаанбаатарт цагаан хоолны газар тоотой ганц хоёрхон байсан. Тэнд нь ордог хүн ч цөөхөн байлаа. Харин өнөөдөр нийслэлд байгаа 20 гаруй газар цагаан хоол идэх хүсэлтэй үйлчлүүлэгчдээр дүүрэн байна. Ялангуяа монголчууд буян нүгэл гэдэг талаасаа бодож, бурхан багшийн дүйчэн өдрүүдэд цагаан хоолыг заавал  иддэг болоод байгаа. Нэг ёсондоо цагаан хоол идэх хэрэгтэйг ойлгосон эрэлт бий болсон. Үүнтэй холбоотойгоор цагаан хоолны үйлдвэрлэл эрхлэгчдэд сайн тогооч хэрэгтэй болж байна.

-Цагаан хоолны тогоочийг хаана бэлдэж байна?

-Цагаан хоолны тогооч гэж тусгайлан бэлтгэдэг сургалт өмнө нь байгаагүй. Харин одоо бол манай ТББ-ын дэргэдэх сургалтын төвд энэ чиглэлийн сургалт явуулж “цагаан хоолны тогооч” бэлдэж байна. Манай гол үйл ажиллагааны нэг. Цагаан хоолны тогоочийн дамжаа хоёр удаа төгсөлтөө хийгээд одоо гурав дахь сургалтынхаа элсэлтийг авчихаад байна. Цагаан хоолны тогооч нар төгсөөд шууд л ажилтай болж байна. Захиалгаар сурах тохиолдол ч олон.  Зарим нь өөрсдөө цагаан хоолны газар шинээр нээж хувийн бизнесээ эхэлж байна. 

Таны идэх дуртай бүх хоолыг махгүйгээр хийж болно гэдэг арга технологийг эзэмших нь цагаан хоол дэлгэрүүлэхэд их ач тустай. Тиймээс бид байгууллагын тогооч нарт бас сургалт явуулдаг. Нийслэлийн бүх дүүргийн цэцэрлэгийн тогооч нарт зориулсан цагаан хоолны сургалт явуулж байгаа.

-Хүүхдийн цэцэрлэгүүдэд цагаан хоол өгдөг болгоно гэж үү?

-Цэцэрлэгийн хоолны цэсийг хараад судлаад үзэхээр бидний хүүхдүүдэд ургамлыг гаралтай хүний биед хэрэгтэй эрдэс бодис, аминдэмийг үнэхээр бага өгдөг юм билээ. Хүний бие хэрэгтэй зүйлээ хоол хүнсээрээ авч чадахгүй бол яваандаа засрашгүй өвчин болж хувирдаг. Тиймээс хүн бага наснаасаа эхлээд хооллолтын зөв дадал, хэвшилтэй болох ёстой учраас бид цэцэрлэгүүдтэй ажиллаж хүүхдийн хоолны шинэ цэс боловсруулсан.

-Шинэ цэсийг хэзээнээс хэрэгжүүлэх бол?

-Сүхбаатар дүүргийн цэцэрлэгүүдээс эхэлнэ. Төрөл бүрийн ургамлын гаралтай хүнс түлхүү оруулсан энэ цэсийг тус дүүргийнхэн хамгийн түрүүн дэмжиж хэрэгжүүлэхээр болсон.

-Хоолны цэсийг нь жинхэнэ өөрчлөх ёстой газар бол эмнэлгүүд гэдэгтэй та санал нийлэх байх?

-Эмчилгээний хоол гэдэг бол үндсэндээ цагаан хоол. Одоогоор манай эмнэлгүүд долоо хоногтоо нэг удаа цагаан хоолоор үйлчилдэг юм билээ. Гэхдээ  сүүтэй будаа, бэрээсээ, аарцнаас цааш нэг их хэтрэхгүй байгаа болохоор үйлчлүүлэгчдэд нь таалагддаггүй, зарим нь бүр хэл ам гаргадаг гэсэн. Тиймээс эмнэлгүүдийн тогооч нар манайд хандаж сургалтад сууж байгаа.

Хүн гараа хугалчихаад сойж боогоод хөдөлгөөнгүй байлгаж гам сахиж эдгээдэг. Тэгсэн атлаа ходоод, дотор эрхтэн нь өвдсөн үед гамналгүй явсаар улам хүндрүүлдэг. Мах нь хүний биед ороод шингэж задрахдаа ургамлынхаас 5-10 дахин ачааллыг бие эрхтэнд үзүүлж байдаг. Тэгэхээр өвчилсөн эд эрхтнийг гамнах, үйл ажиллагааг нь хөнгөвчлөх зорилгоор хүн махны хэрэглээг багасгаж, ургамалд суурилсан хоол хэрэглэх юм бол бусад эмчилгээг дэмжиж, бие түргэн эдгэрч илааршихад туслана. Тиймээс эмнэлгийн үйлчилгээнд цагаан хоол нэвтрүүлэх нь ихээхэн ач холбогдолтой.

-Ингэж өөрчилж туршиж байгаа эмнэлэг одоогоор байна уу?

-Цагаан хоолны цэсээр үйлчлэх ажилдаа бэлтгэх зорилгоор Баянзүрх дүүргийн эмнэлгийн хоолны газрынхан өнгөрсөн долоо хоногт сургалтад суугаад явсан. Эднийх ер нь юм юманд анхдагч сүрхий газар шүү дээ. Энэ зуны гурван сар цэвэр цагаан хоолтой эмнэлэг болж буйгаа зарлаж байгаа. 6-9 сарын хооронд Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтсэн хүмүүс жинхэнэ утгаар нь биеэ амраагаад эмчилгээгээ төгс хийлгээд гарах боломж бүрдэж байна гэсэн үг.

-Эмчилгээний хоолыг цагаан хоолоор сольсноор эмчилгээний зардлыг  яаж бууруулж байгаа туршилт, судалгаа манайд байдаг уу?

-Эмчилгээний зардлыг үлэмж хэмжээгээр бууруулдаг. Манай ШУТИС-ийн судлаач, багш нар 2003 онд клиникийн гуравдугаар эмнэлэгийн элэгний тасагт эмчилгээний хоолны “Эх гал” нэртэй зургаан сарын төсөл хэрэгжүүлсэн юм. Энэ тасагт хэвтсэн өвчтөнүүд ургамал, сүү цагаан идээн дээр суурилсан, мах багатай хоол хэрэглэсэн. Ингэхдээ нэг өвчтөний эмчилгээний зардлын 70 орчим хувь нь эмийн эмчилгээнд, 30 хувь нь хоолонд зарцуулагдаж байсныг яг эсрэгээр өөрчилсөн. Энэ төслийн явцад хийсэн судалгааны үр дүнгүүд нь элэгний өвчний үед эмчилгээний хоол хичнээн чухал болохыг харуулж чадсан.

-Заавал тогооч болъё гэхгүй зүгээр цагаан хоол хийж суръя гэсэн хүмүүс танай сургалтад хамрагдаж болно биз дээ?

-Манай ТББ-ын нэг гол үйл ажиллагаа бол сургалт, зөвлөгөө. Цагаан хоол хийж сурах хүсэлтэй хүмүүст зориулан өдрийн сургалт явуулж байна. Сургалтад суусан хүн цагаан хоол хийж сурна, дээрээс нь цагаан хоолны эрүүлжүүлэх ач тусын талаар  мэдлэг олж авдаг. Сонирхоод нэг удаа цагаан хоол идээд өнгөрөх, ач тусыг нь сонсоод хийх арга технологийг нь сурах хоёр ихээхэн өөр. Цагаан хоолны ач тусыг нь ойлгоод хийх аргыг нь сурахаараа хүмүүсийн хандлага өөрчлөгддөг. 

-Дэлхий даяар цагаан хоолтон хэчнээн хүн байдаг бол?

-Нэг тэрбум хүн цагаан хоол иддэг гэсэн тоог олон улсын байгууллагууд гаргасан байдаг.

-Аялал жуулчлал хөгжиж байгаа болохоор цагаан хоолтон хүмүүс Монголд ирдэг байх. Жуулчны компаниудын хоолны цэсэнд цагаан хоол хэр байдаг вэ?

-Жуулчны нэг компанийн менежер өнгөрсөн жил надад ярьж байсан. Германаас цагаан хоол иддэг жуулчин ирж л дээ. Тогоочоосоо цагаан хоол хийж чадах уу гэсэн чадна гэж хариулж. Тэгээд л Хөвсгөл рүү явуулчихаж. Манай тогоочийн хийж чаддаг цагаан хоол сүү, цагаан идээ гэсэн уламжлалаасаа цааш гардаггүй. Гэтэл европууд сүү, цагаан идээ бага хэрэглэдэг. Тэр ч бүү хэл сүү шингээх чадваргүй гентэй хүмүүс ч байдаг. Ийм хүн ч таарсан юм уу, сүү ууж чадахгүй гэсэн болохоор долоо хоног Хөвсгөлийн тайгад төмсний нухаш идэж байгаад ирсэн гэсэн. Тэр жуулчин яаж сэтгэл хангалуун буцах вэ дээ. Цаашаагаа өөртэйгөө адилхан цагаан хоолтон жуулчинг Монгол руу аялаарай гэж зөвлөхгүй нь лавтай. Ийм жишээ олонтаа гардаг гэсэн. Тиймээс аялал жуулчлалынхан манайтай хамтарч ажиллаж байгаа. Эхлэлийг нь “МИАТ” компани тавьсан. Цагаан хоолтой гадаад, дотоодын олон хүн дамждаг энэ байгууллага үйлчилгээндээ цагаан хоол нэвтрүүлнэ гэдэг маш чухал зүйл. 

-Цэвэр цагаан хоолтон, хагас цагаан хоолтон гэж ярьж байхыг сонссон. Юугаараа ялгаатай юм бэ?

-Мал, амьтны гаралтай ямар нэгэн бүтээгдэхүүн огт хэрэглэхгүй, цэвэр ургамлаар хооллодог хүнийг веган гэдэг. Ийм цэвэр цагаан хоолтнууд ихэнхдээ Энэтхэг, Зүүн өмнөд Азийн орнуудаас ирдэг. Хагас цагаан хоолтнууд  нь ургамлыг түлхүү хэрэглэх боловч уламжлал, зан заншлаасаа хамаараад амьтны гаралтай зарим хүнс хэрэглэдэг. Тэднийг амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх байдлаар нь ангилах бөгөөд олон улсад хэрэглэдэг тусгай нэршил байдаг. Тухайлбал, poll vegetarian: ургамлаас гадна тахиа, шувууны мах хэрэглэдэг, pesco-vegetarian: загас, далайн амьтны мах хэрэглэдэг, лакто- vegetarian: сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг, ово- vegetarian: өндөг хэрэглэдэг цагаан хоолтон. Энэ ангилал, нэршлийг ресторан, зочид буудал, жуулчны баазын тогооч, үйлчлэгч нар мэдэж байх хэрэгтэй. Жишээлбэл, үйлчлүүлэгч тань өөрийгөө веган гэж хэлсээр байхад нь цагаан хоолтон л юм байна гээд сүү орсон хоол өгвөл шууд л татгалзана. Учир нь цагаан хоолтнууд өөрийн хэрэглээндээ маш үнэнч, тууштай байдаг.

-Монголын цагаан хоолтнууд аль ангилалд нь гол төлөв багтах вэ?

-Аль аль нь л бий. Сүү цагаан идээнд суурилсан цагаан хоолтон буюу лакто-вегетарианууд дийлэнхи хувийг эзэлж байна. Цэвэр ургамлаар хооллодог хүмүүс ч тодорхой хувийг нь эзэлж байгаа.

-Сүүлийн үед шувууны томуу, гахайн ханиад зэрэг халдварт өвчин хүмүүсийг айлгаж байна. Цагаан хоолтнуудын хувьд өвчнөөс айх хэрэггүй юм байна?

-Цагаан хоол эрүүл ахуйн хувьд аюулгүй. Мах хэрэглэдэг хоолны газруудад гарч байгаа хоолны хордлогын дийлэнх нь мах, загас, тахиа, өндөгтэй холбоотой байдаг. Учир нь эдгээр бүтээгдэхүүн нь ихэнх бактер, нян үржих таатай орчин болдог. Дээрээс нь мал, амьтан өөрөө өвчин тээж явдаг. Монголд малыг элдэв өвчнөөс сэргийлэх зорилгоор амьдралын туршид нь 16 тариа, вакцин хийдэг гэсэн тоо байдаг.  Махнаас татгалзсанаар халдварт өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ малыг эрүүлжүүлэх зорилгоор хэрэглэсэн эм тариагаар дам өөрийгөө хордуулахгүй байх боломжтой. Харин цагаан хоолны газрууд махтай холбоотой гардаг ариун цэвэр, эрүүл ахуйн элдэв асуудлаас хол байдаг нь бас нэг давуу тал юм. 

-Сүүлийн үед энергийн талаар их ярьдаг болсон. Мах яагаад буруу энергитэйд ороод байна вэ?

-Алуулж байгаа амьтны үхэхдээ амссан айдас хүйдэс, харуусал нь махандаа шингэн үлдэж байдаг гэдэг. Энерги устаж бий болохгүй, шинээр бий болохгүй гэсэн хуультай. Тэгэхээр бид мах идсэнээрээ тэр малын үхэхдээ хураасан сөрөг энергийг өөртөө авч байна гэсэн үг. Том том нээлт хийсэн суутнуудын дийлэнх нь мах хэрэглэдэггүй байсан юм билээ. Энэтхэгийн эмч нар махан хоолтой хүмүүсийн ихэнх нь түргэн ууртай, түрэмгий зантай байдаг бол, цагаан хоолтнууд тайван амгалан байдгийг судлан тогтоосон байдаг. Энэ нь хүний оюун санааны хөгжил, зан төлөвт мах сөрөг нөлөө үзүүлдэгийг харуулах жишээ.

-Бясалгал, цагаан хоол хоёрын уялдаа холбооны талаар тодруулна уу?

-Хүн оюун санаа, ухамсраа хөгжүүлж, өөрийн энергийг эерэг болгох зорилгоор бясалгал хийж байгаа. Дотоод сэтгэлээ ариусгах гэж бясалгал хийж байхдаа сөрөг энергитэй мах идээд байвал яаж бясалгаад ч нэмэргүй шүү дээ. Зөвхөн мах ч биш, сөрөг бодлыг хязгаарлаж, сөрөг мэдээлэл бага авч, буруу үйл хийхийг тэвчиж байж өөрийгөө дотоод сэтгэлээ бүхэлд нь ариусгаж чадна.

Янз бүрийн нэртэй боловч зорилго нэгтэй олон бясалгал Монголд дэлгэрч байна. Энэ нь ч цагаан хоолтон олшроход нөлөөлж байгаа.

***




Bookmark and Share

Үйл ажиллагаа


БАГАНУУР ХК-тай хамтран ажиллав. (1 жилийн өмнө)
Багануур ХК-ийн "Эрүүл уурхайчин" хөтөлбөрийн хүрээнд тус уурхайн ажиллагсад "Эрүүл зохистой хооллолт" сургалтанд хамрагдав.
БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ, БАНКНЫ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН СУРГАЛТ (2 жилийн өмнө)
Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
"УРГАМЛАН ХООЛ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ (3 жилийн өмнө)
"Loving Hut" веган хоолны олон улсын сүлжээ зоогийн газрын Монгол дахь салбарын менежерүүд сургалтанд хамрагдав.

Бүгд ›


Ном хэвлэл


Бүгд ›


Facebook - т нэгдэх